“АВТО ЗАМ-ЭКСПО 2022” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

“АВТО ЗАМ-ЭКСПО 2022” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын Авто замчдын холбоо хамтран зохион байгуулж буй“Авто зам-Экспо 2022” найм дахь удаагийн олон улсын үзэсгэлэн, бага хурал гуравдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийлээ.

Үйл ажиллагааг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Цар тахлын хүнд нөхцөл байдалд авто замчдын ажил, бүтээн байгуулалт нэг ч удаа зогсоогүйг бид мэднэ. Монгол Улсын авто замын салбарын хөгжилд чухал хүчин зүйл болох салбарын ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж нутагшуулах, авто замын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын гадаад хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн олон улсын үзэсгэлэн, бага хуралд Монгол улс, Солонгос, Герман, АНУ, Орос, Хятад, Япон зэрэг нийт 7 улс орны 80 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгаа. Манай улсын авто замын сүлжээ жил бүр өргөжин тэлж 21 аймгийн 106 сум, таван боомтыг хатуу хучилттай авто замаар холбосон амжилттай байгааг дуулгахад таатай байна” хэмээн хэллээ.

Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Т.Бямбаа “Монголын Авто замчдын холбоо нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын үзэсгэлэнгээр явж, туршлага судлан, улсдаа ч мөн адил зохион байгуулах шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Ийнхүү санаачлан зохион байгуулад найман жил болжээ. Замын салбарт ажиллаж буй инженер, техникийн бүхий л ажилтан энд ирж, туршлага, санал солилцдог. Түүнээс гадна аливаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд энэхүү олон улсын үзэсгэлэн, бага хурлын үйл ажиллагаа чухал дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Үзэсгэлэнгийн нээлтэд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Оюундэлгэр, Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Т.Бямбаа, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын дарга Х.Пүрэвжаргал болон авто замын салбарын ахмад ажилчид, ивээн тэтгэгч байгууллагуудын удирдлагууд оролцлоо.Ташрамд дурдахад, “Авто зам-Экспо” арга хэмжээг 2013 оноос хойш хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2019 оноос хойш энэхүү арга хэмжээг зохион байгуулаагүй юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх