Олон улсын ахмадын өдөр, Монгол Улсад Ахмадын холбоо байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Иргэний нисэхийн Ахмадын хорооны дарга З.Наранцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, салбартаа 34 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. 2014 онд Ахмадын хорооны даргаар сонгогдон ажилласнаар иргэний нисэхийн салбартай нийтдээ 38 дахь жилдээ ажил, амьдралаа холбож яваа ахмад буурлуудын маань нэг билээ.
- Танд юун түрүүнд Ахмадын өдрийн баярын мэнд хүргэе. Та сайхан намаржиж байна уу?
- Та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье. Сайхан намаржиж байна аа.
- Ахмадын хороонд нийт хичнээн ахмад бүртгэлтэй байдаг вэ? Хамгийн өндөр настан нь хэдтэй, хаана ямар ажил хийж байсан, хэн гэж өндөр настан байна вэ?
- Манай Иргэний нисэхийн ахмадын хороонд орон нутгийн нисэх буудлуудын болон төвийн алба, салбаруудын 708 ахмад настан бүртгэлтэй байдаг. Хамгийн өндөр настай нь 1924 онд төрсөн 97 настай Балбарын Хоролжав гуай Хэнтий аймгийн нисэх буудалд ачаа тээшний диспетчер, мөнгөний нярваар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ суусан эмээ байгаа.
- Салбараас жилд ойролцоогоор хичнээн хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгож ахмадын хороонд бүртгэлтэй болдог вэ?
- Сүүлийн 2 жилийн байдлаар хуулийн дагуу өндөр насны болон хүнд, хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон 100 гаруй хүн байгаа.Тэтгэврээ тогтоолгосон хүмүүсээ тушаал, шийдвэрийн дагуу бүртгэж дэлгэрэнгүй судалгааг гаргадаг. /нас, хүйс, ажиллаж байсан алба, нэгж, боловсрол, амьжиргааны түвшин, шагнал урамшуулал, орон сууцны дэмжлэг тэтгэвэрт гарах үедээ 36 хүртэлх сарын тэтгэмж авсан эсэх гэх мэт/
- Сүүлийн 2 жил зөвхөн манай улс оронд гэлтгүй дэлхий дахинаа хүн төрөлхтөнг ковид цар тахал түгшээж, өндөр настнууд энэ муухай вируст өртөх эрсдэл өндөр байна. Нисэхийн салбарын ахмадуудад маань энэ өвчинд өртөх эрсдэл хэр их байна вэ?
- Дэлхий нийтийг хамарсан цар тахлын вирусаар олон хүн өвдөж байгаа ч бидэнд мэдэгдсэнээр манай ахмадууд маань цөөн өвдөж байгаа нь амьдралын чанар, хувь хүний л ухамсартай холбоотой гэж бодогдож байна. Гэхдээ олон янзын хорт хавдраар өвчлөх нь цөөн биш байна.
- Байгууллагын зүгээс ахмадууддаа тусламж, дэмжлэг үзүүлэх, зарим өндөр настны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон ажлуудаас та дурдвал?
- 2017 оны 1-р сард Ахмад настны тухай хууль шинэчлэн найруулагдаж батлагдсанаар Ахмадуудын нийгмийн хамгаалалыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд эмнэлгийн тусламж гэх мэт ахмадууд руу хандсан тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар Засгийн газрын 197-р тогтоолын дагуу Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын даргын 2018 оны А/240 дугаар тушаалаар Ахмадын сангийн журмыг шинэчлэн баталж, хууль, тогтоомжийг хэрэгжүүлж байгаа Аж ахуй нэгжийн анхдагч байгууллагуудын нэгээр ИНЕГ үнэлэгдэх болсон. Ахмадын сан байгуулагдсанаар ахмадууддаа Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Нисэх хүчний ой, Олон улсын ахмадын баяраар ИНЕГ-ын даргын гарын бэлэг, сар бүр нэмэгдэл тэтгэмж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ахмадын ар гэрт буцалтгүй тусламж зэрэг дэмжлэг үзүүлдэгт талархаж явдагаа дарга, удирдлагууддаа хувиасаа болон ахмадуудыгаа төлөөлөн талархал илэрхийлж байна.
- Ахмадын хорооны зүгээс зохион байгуулсан ажлуудаас та мөн дурдвал?
- Дотоодын аялал зохион байгуулж Манзушир, Ганга нуур, Хүй 7 худагт онгоны үзүүлбэр сонирхуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулсан. Мөн гадаад аялал болох ОХУ-ын Улаан-Үд, БНХАУ-ын Манжуур чиглэлийн аялалд ахмадуудаа хамруулж ажилласан.
- Ахмадын хороо маань өөрийн гэсэн байртай болж, аливаа арга хэмжээ зохион байгуулах, салбарынхаа залуучуудад мэдлэг, туршлагаасаа хуваалцах уулзалт зохион байгуулах зэрэгт ашиглах боломжтой байр, танхимтай болсон. Энэ байрны тохижилт, байнгын үйл ажиллагаа жигдэрч чадсан уу?
- Байгууллагынхаа дэмжлэгтэйгээр холбоо маань өөрийн гэсэн Ахмадын өргөөтэй болсон. Ингэснээр ахмадуудынхаа хөдөлмөрийн алдарыг тэмдэглэх, баяр ёслол, шатар, даам, дардасны тэмцээн, иог дасгал, бүжиг хийх, шагнаж урамшуулах зэрэг ажлууд хийгдэж ирлээ. Өргөөний гадна фасад, дээвэр, цонх, дулааны болон цэвэр бохир усны шугам, явган зам, хаяг, гэрэлтүүлэг зэрэг засвар тохижилтын ажилд оролцож дэмжсэн Дулаансантехник агааржуулалтын хэсэг, Гэрэлт суулт цахилгааны хэсэг, Аж ахуй хангамжийн хэсэг болон Иргэний нисэхийн залуучуудын холбооны залуусдаа талархал илэрхийлмээр байна. Мөн түүнчлэн Ахмадын өдрийг угтаж УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ахмадуудыг эрүүл энх урт удаан наслахад нь дэмжлэг болгон ширээний теннисний ширээг иж бүрнээр нь бэлэглэсэнд, мөн чинь сэтгэлийн бусад хандив өргөсөн Захиргаа удирдлагын газар, Санхүү эдийн засаг төлөвлөлтийн газар, Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газар, Холбоо навигаци, ажиглалтын алба, БУОУНБуудлын зэрэг хамт олон, залуустаа баярласнаа илэрхийлж ажилд нь амжилт сайн, сайхныг ерөөе. Та бүхнийхээ дэмжлэгээр Аж ахуй нэгжийн дэргэдэх Улсын тэргүүний Ахмадын хороогоор шалгарч Монголын ахмадын холбооноос Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсандаа бид бүхэн баяртай байгаа.
- Ахмадууд маань жилдээ нэг удаа, Ахмадын баярын энэ л өдөр цугларч халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн, залуустаа мэдлэг туршлагаа хуваалцсан, зааж зөвөлсөн халуун дулаан уулзалт болдог байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад уламжлалт арга хэмжээнүүд маань тасалдахад хүрчихлээ?
- Тиймээ, УОК, НОК, Байгууллагын Гамшгаас хамгаалах түр штабуудаас гаргасан журам, заавар, зөвлөмжийг бид бүхэн ч мөрдөж байна. Ахмадууд маань салбарынхаа удирдлага болон хамт ажиллаж байсан найз нөхөд залуустайгаа уулзах хүсэлт их гаргадаг даа.
- Энэхүү ярилцлагынхаа сүүлийг асуултыг танд нээлттэй үлдээе. Ахмадын баяр тохиож байгаатай холбогдуулан Та Ахмадын хорооныхоо гишүүдэд мэндчилгээ дэвшүүлж болно шүү дээ.
- Баярлалаа, тэгэлгүй яахав, Монголын Ахмадын холбоо үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг агаарын тээврийн салбарын нийт ахмадууддаа хүргэж, урт наслахын өлзийтэй ерөөл дэвшүүлж, тэднийхээ ар гэрийнхэнд нь аз жаргал дүүрэн байх ерөөлийг өргөн дэвшүүлье.
- Ярилцсан баярлалаа, Танд мөн эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Нийт 0