Агаарын навигацийн үйлчилгээний газар, түүний харьяа Нислэгийн журам боловсруулалтын албаны инженер, техникийн ажилтнууд, Холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийг нислэгээр шалган баталгаажуулах зориулалт бүхий АНУ-ын Airfield Technology компанид үйлдвэрлэгдсэн AT-940 загварын хэмжилт, тохируулгын цогц системийг шинээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх туршилт, шалгалтыг амжилттай гүйцэтгэлээ.
Монголын Улсын шалгалтын нислэгийн баг нь 1999 оноос нислэгээр шалган баталгаажуулах ажлыг гүйцэтгэж ирсэн. Иргэний нисэхийн ерөнхий газраас техник технологийг шинэчлэх бодлогын хүрээнд 2019 онд AT-940 системийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг зохион байгуулснаар ийнхүү үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл бүрдсэн юм.
Тус систем нь технологийн нарийн шийдэл, өндөр стандарт, үр дүн шаарддаг, илүү дэвшилтэд технологид суурилсан ба хүний хүчин зүйлийн нөлөөллийг багасгажээ.
Дэлхий нийтийг хамарсан коронавируст \Ковид-19\ цар тахлын үед хариуцан ажиллах инженер, техникийн ажилтнуудын үйлдвэрлэлийн сургалт, системийг хүлээн авах шалгалт, тестүүд, агаарын хөлөгт суурилуулах зэрэг шинэ технологи нэвтрүүлэхэд тулгардаг чухал шаардлагатай үе шатуудыг Нислэгийн журам боловсруулалтын инженер техникийн ажилтнуудын баг мэргэжлийн өндөр ур чадвар гарган онлайн горимоор ажиллаж гүйцэтгэснээрээ онцлог байлаа.
Мөн шалгалтын нислэг гүйцэтгэх боломжтой агаарын хөлгүүдэд суурилуулах технологийн картуудыг шинээр боловсруулан туршилтын нислэгийг гүйцэтгэсэн. Түүнчлэн 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хэрэглэлээр буулт үйлдэх \ILS/DME\ системийн ээлжит нислэгээр шалган баталгаажуулах ажлыг хугацаанд нь амжилттай гүйцэтгэлээ. Шалгалтын нислэгийг “Геосан” ХХК-тай хамтран гүйцэтгэсэн бөгөөд шалгалт баталгаажуулалтын үр дүн нь Хавсралт 10, ИКАО-ын DOC 8071-ын шаардлагуудыг бүрэн хангажээ.
Нислэгийн журам боловсруулалтын алба нь өнгөрсөн оны долоодугаар сард Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтанд орохтой холбоотойгоор нисэх буудалд суурилуулсан холбоо, навигацийн тоног төхөөрөмжүүдийг нислэгээр шалган баталгаажуулах ажлыг ирэх дөрөвдүгээр сард гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Шинэ “AT-940” загварын хэмжилт, тохируулгын цогц системийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр тоног төхөөрөмжийн гэмтэл, саатлаас шалтгаалдаг шалгалтын нислэгүүд хойшлох, гадаадын байгууллагаар гүйцэтгүүлэх зэрэг асуудлууд арилж эдийн засгийн бодит хэмнэлт гарч шалгалтын нислэгийн технологи ажиллагааны зогсолтгүй, найдвартай байдал хангагдах юм.
Мөн Ази-Номхон далайн бүс нутагт шалгалтын нислэгийн үйлчилгээ үзүүлэх боломж үүсч байгаа нь том давуу талтай.
Нийт 0