Ц.ГЭРЭЛМАА: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ШИГ ЭМЭГТЭЙ АЖИЛЧДАА ХАЛАМЖИЛДАГ ГАЗАР ҮГҮЙ

Ц.ГЭРЭЛМАА: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ШИГ ЭМЭГТЭЙ АЖИЛЧДАА ХАЛАМЖИЛДАГ ГАЗАР ҮГҮЙ

“Мартын 8”-ныг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин бүсүйчүүдийн төлөөлөл болгон Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулагч, Алдарт эх Цогбадрахын Гэрэлмаатай ярилцсанаа хүргэе. 

-Юуны өмнө танд “Мартын 8”-ны баярын мэнд хүргэе. 

-Баярлалаа. Танд бас баярын мэнд хүргэе.

-Та эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу?

-Би Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. Гурван охинтой айлын ууган нь. Миний аав Эрдэнэт үйлдвэрт 39 жил ажилласан баяжуулагч хүн. Би аавынхаа мэргэжлийг өвлөн 2003 онд  Дарханы Техникийн их сургуулийг баяжуулагч мэргэжлээр төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна. 

-Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбосон түүхээсээ яривал...?

-Их сургуулийн сүүлийн хоёр жил онц дүнтэй суралцсан. Би Эрдэнэт үйлдвэртэй, төгсөөд ажиллах гэрээ байгууллаа. Сургалтын төлбөрийг ч үйлдвэр  төлсөн.  Ирэхэд удирдлага солигдсон, гэрээ ч хэрэгсэхгүй болсон. Өргөдлөө өгчихөөд хүлээлээ. 2009 онд Үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсээс шалгалтад ор гэж дуудав. Шалгалт өгсөн 30 хүнээс  эхний зургааг нь ажилд авахад  би багтсан. Бөөн баяр. Ингэж  л 2010 онд энэ сайхан үйлдвэрийнхээ өндөр босгоор алхаж, конвейрын машинчаар ажлын гараагаа эхэлсэн дээ.

-Хэзээ баяжуулагч болов?    

-Конвейрын машинчаар долоон жил ажилласан. Төв корпуст баяжуулагчийн орон тоо гарах сургаар Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албаны дарга Т.Тунгалагтамиртай уулзахад уриалгахнаар “Тэгэлгүй яахав, баяжуулагч мэргэжилтэй, бас ч ажилдаа махрууг тань мэднэ. Би  дэмжинэ ээ” гэсэн. Тухайн үед хэсгийн дарга байсан М.Отгон “Их сайн хүнд шавь оруулж, чадварлаг баяжуулагч болгоно оо” гэсээр намайг, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Л.Хонгорзулыг дагалдуулсан юм. Ингэж л хамт олон удирдлагууд их сайхан угтаж авсан. Металлаа   сайн авахын төлөө оюун ухаанаа уралдуулдаг, мэдрэмж шаардсан энэ сайхан мэргэжлээ сайн эзэмшихээр  хичээж, багшаасаа,  хамт олноосоо суралцсаар л явна.

-Эрчүүдтэй мөр зэрэгцэн, үйлдвэрлэлийн цөмд ажиллаж, гол ажлыг нугалалцаж яваа та бүхэн   бахархмаар үйлстнүүд. Эрдэнэт үйлдвэр эмэгтэй ажилчдадаа хэр ээлтэй вэ?

-Баярлалаа. Эрдэнэт үйлдвэр шиг, эмэгтэй ажилчдадаа халамж анхаарал үзүүлдэг газар үгүй. Бид хүүхдээ төрүүлээд суухдаа ч төсвийнхний цалингаас дутахгүй тэтгэмж авдаг. Саяхан л гэхэд ханиад томууны дэгдэлт, корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 5 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олголоо. Цэцэрлэг, сургууль түр зогссон энэ үед  бидэнд мөн ч тустай ажиллагаа боллоо. Эхчүүд бид их баяртай байгаа.  Үйлдвэрлэлээ сайн явуулахын зэрэгцээ, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, эхчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхэд, гэр бүлд чиглэсэн оновчтой бодлого явуулдаг Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлагаар бахархдаг. 

-Бүсгүйчүүдийн хүсэн хүлээдэг өдөр боллоо. Хамгийн мартагдашгүй “Март”-ынхаа дурсамжийг хуваалцаач?

-Март болгоноор л хань,  үр хүүхэд,  хамт олон маань гэнэтийн бэлэг барьдаг. Их сайхан байдаг даа. Ноднин жил миний охин сургуулиасаа зарласан Ээжийн тухай зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн.  Хайр шингэсэн  сайхан мөрүүдийг нь уншаад, сэтгэл догдлон  баярын нулимс мэлмэрүүлсэн дээ. Энэ надад мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн. 

-Та өнөр сайхан гэр бүлээ танилцуулаач? 

-Миний ханийг С.Сүрэнрагчаа гэдэг. Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул. Авто тээврийн байгууллагын белазын жолооч. Манайх дөрвөн хүүхэдтэй айл. Охин, гурван хүүтэй. Үрс маань бие биенээ, аав, ээжийгээ хайрлаж, бусдыг өрөвдөх нинжин  сэтгэлтэй ухаалаг болон өсөж байгаад бид баярладаг. Бие биеэсээ жаахан холдоход л санан үгүйлдэг  халуун ам бүл дээ манайх. 

-Хүүхэд ямар хүн болох нь гэр бүлийн хүмүүжлээс  эхтэй. Тэгэхлээр та хоёр зөв төлөвшилтэй  учраас үрс нь “зөв” байгаа. Хоёулаа үйлдвэрт, ээлжинд ажилладаг болохоор түвэгтэй үе гарах уу?

-Хүүхэд бага байхад жаахан хэцүү байсан. Одоо охин маань 8-р анги, бага хүү  дөрвөн настай. Охин маань тусад орж, дүү нараа “командална”. Дүү нар эгчийнхээ үгэнд сайн орно. Ийм болохоор санаа зовох зүйл багасаж байгаа. Манай нөхөр Хархорины шашны сургууль төгссөн. Их нигүүлсэнгүй зөөлөн сэтгэлтэй. Бид нэг ээлжинд гарч, ажлаас бууж ирэхэд “Чи минь унтаж амар. Би хүүхдүүдээ зохицуулъя” гэнэ. Ээлж зөрөх үед бид хүүхдүүддээ: “Чимээгүй байж, аавыгаа, ээжийгээ сайхан  амраагаарай” гэж захина. Хүүхдүүд маань ч бидний амрахад саад болохгүйг хичээнэ. Ингэж л бие биенээ хайрладаг юм. 

-Таны бахархал юу вэ?

-Би сайхан гэр бүлээрээ, аав, ээжээрээ, энэ сайхан үйлдвэрээрээ бахархдаг. Бид бор уулынхаа буяныг хүртэж яваа амны хишигтэй хүмүүс. Анх гэр хороололд амьдралаа эхлүүлж байсан бид, хоёр өрөө байранд орж, дараа нь байраа томруулан гурван өрөөнд тухтай сайхан амьдарч явна. Манай хүн ч сүсэг бишрэл ихтэй. Би ч бас цай, сүүнийхээ дээжийг уул хангайдаа өргөж сүсэглэдэг.  

-Та сониноор дамжуулан юу хэлэх вэ?

-Эрдэнэт үйлдвэрийнхээ баялаг бүтээгч бүсгүйчүүддээ Мартын 8-ны баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энхийг хүсье.  

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх