ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ, ХАМГААЛАЛТЫН АЮУЛГҮЙН ТУСГАЙ БҮС БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ, ХАМГААЛАЛТЫН АЮУЛГҮЙН ТУСГАЙ БҮС БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

     Эрдэнэт үйлдвэр 6700 гаруй ажиллагчтай, олон цех, нэгжтэй, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэр. Тус үйлдвэр цар тахлын энэ цаг үед өндөр эрсдэлтэй газарт тооцогдож байна. Тиймээс цар тахлын халдварыг үйлдвэрлэлийн дүүрэгт гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх ажлуудыг дэс дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

     Эдгээрийн нэг нь ажилчдын төвлөрлийг саармагжуулах ажил юм. Энэ хүрээнд нийгмийн таван цехийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна. Мөн жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй 380 аад ажилтандаа хүүхдээ гэртээ асрах боломжийг олгож, тэтгэмжтэй чөлөө олгосон. Түүнчлэн ажилтнуудын төвлөрлийг бууруулах, цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 570 гаруй ажилтныг зайнаас буюу цахимаар ажиллуулж байна. 

     24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэрийн ажлын цагийн хуваарь хэвийн явж байна. Тухайлбал, ээлжийн ажилчид 12 цагийн графикаар ажиллаж байна. Нийт ажилтнуудаа үе шаттайгаар урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулж, түргэвчилсэн болон PCR шинжилгээнд оруулж, үйлдвэрлэлийнхээ бүсийг халдваргүй бүс байлгах ажлыг богино хугацаанд зохион байгуулж байна.

     Ажилтнуудыг тээвэрлэх хүрээнд автобусны буудал бүр дээр тусгай баг ажиллаж байна. Тус баг ажилтнуудыг автобусанд суухын өмнө гарыг нь ариутгаж, хамгаалах хэрэгслүүдийг шалган, тухайн автобусанд суух хүний тоог зохицуулан дараагийн автобусанд шилжүүлэх ажлыг хариуцаж байна.

     Эрдэнэт үйлдвэр ийнхүү олон ажилтнаа цахим хэлбэрээр ажиллах боломжоор хангаснаар төвлөрөл саармагжиж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд гар бие оролцдог хүмүүсийг автобусанд тээвэрлэх нь тооны хувьд, хүмүүсийн төвлөрлийн хувьд ч зохион байгуулалттай арга хэмжээ болж байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх