Монгол Улсын Засгийн газар сүүлийн 3 жил агаарын бохирдлыг бууруулах асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаа. Үүний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх онтой харьцуулахад 40-50 хувиар буурсан. МУ-ын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулахаар тусгасан.
Түүнчлэн өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх явцад зарим айл өрхүүд түлшийг хэрхэн зөв хэрэглэх, байрны доторх агаарын бохирдлоос хамгаалах, орон байраа зөв дулаалах мэдлэг, мэдээлэл дутмаг байснаас үүдэн иргэд зарим тохиолдолд угаартах, амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Энэ жилээс өвөлдөө эртнээс бэлдэх, эрсдэл гаргахгүй байх үүднээс иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан “Яндангаа хөөлье” аяныг мэргэжлийн байгууллагуудтай хамтран эхлүүллээ.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “ Жил бүр галалгааны улиралд угаарын хийнд хордсон 2500 хүн эмнэлэгт ханддаг. Хэвтэн эмчлүүлэх тоо 200 орчимд хүрч, 15-20 хүн эндэж байна. Түүгээр зогсохгүй гэр бүлээрээ эндсэн харамсалтай тохиолдол ч гарсан. Тиймээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ ажилд онцгойлон анхаарах ёстой гэж үзэж “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлж байгаа юм. Яндангаа хөөлөөгүйн улмаас тортог хуримтлагдан бөглөрөх, утаа гадагшлах зай багассан бодит жишээнүүд олон учраас мэргэжлийн байгууллагууд хамтран иргэдээ угаарын хийн хордлогоос сэргийлэх, амь насаа алдах эрсдэлээс хамгаалах ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.”
Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: “ Өнгөрсөн жил нийслэлийн гэр хорооллын бүх айл өрхүүдэд нэг удаа угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг суурьлуулсан. Энэ ажилд 162 гаруй мянган айл өрхүүд хамрагдаж мэдрэгч төхөөрөмжөө бүрэн суулгуулсан. 9-р сарын 7-ноос Нийслэлийн алслагдсан 5 хорооны 9750 айл өрхөд угаар мэдрэгчийн суурилуулахаар ажиллаж байна. Угаар мэдрэгч гэдэг бол галлагын үе болон хий гаазын халаалтын үед угаарын хийн хорлогоос найдвартай сэргийлдэг төхөөрөмж гэдгийг онцолъё.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган: Агаарын бохирдлыг бууруулах хамгийн төгс гаргалгаа нь мэдээж орон сууцжуулах. Энэ асуудалд МУ-ын Засгийн газар 2020-2024 онд урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Харин богино хугацаанд хамгийн боломжтой хэлбэрээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Яндангаа хөөлье” аян өрнүүлэх гэж байна.яндангаа хөөлснөөр тухайн яндангийн таталт сайжирдаг. Ингэснээр сайжруулсан түлш 100 хувь шатаж, агаарт гарах тортогны хэмжээ багасдаг. Угаарын хий дутуу шаталтаас үүсдэг учраас энэ аяны ач холбогдол өндөр юм.”
“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар: “Яндангаа хөөлье” аяны хүрээнд манай компани иргэдэд зөв хэрэглээний мэдээлэл өгөх, айл өрхийн яндан зуух, битүүмжлэлийг шалгах, дуудлагаар яндан хөөлөх зөвлөгөө мэдээлэл өгөх, битүүрсэн янданг цэвэрлэх зэргээр ажиллах юм. Түүнчлэн манай Угаараас сэргийлэх төвд 100 орчим яндан хөөлөгч мэргэжлийн хүмүүс бэлтгэгдсэн.” гэлээ.
Нийт 0