Congress Nation: Мөрөөдөлдөө хүрсэн Монгол инженер

Congress Nation: Мөрөөдөлдөө хүрсэн Монгол инженер

    Дэлхий даяар нүүрлээд буй Covid 19 цар тахал хүн төрөлхтний хувьд нэгэн том сорилтыг бий болгоод байна. Хэдий нөхцөл байдал хүнд байгаа ч JCI Конгресс салбар байгууллага нь 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу салбарын бизнес эрхлэгч эрхмүүдийг сурталчлан таниулах, хамтын ажиллагаа, бизнесийг дэмжих зорилготойгоор “Конгресс Үндэстэн” төслийг хэрэгжүүлж үндэсний байгууллага, цаашлаад хэвлэл мэдээлэл, олон нийтийн сувгуудаар дамжуулан уншигчдад хүргэж байна.

JCI Конгресс салбар байгууллагын албан тушаал: 2020 оны Гадаад харилцааны хорооны захирал Эрхэлж буй ажил, албан тушаал: DongMyeong Engineering consultants & architecture Co.Ltd – Ерөнхий менежер

Гэр бүлийн байдал: Гэрлээгүй

Боловсрол: БНСУ-н Сувоны их сургууль – Зам гүүрийн инженер “Бакалавр”

Одоогийн ажиллаж байгаа төсөл: Улаанбаатар Хотын Гэр хорооллыг  Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл (2-р үе шат)

Таны ажиллах арга барилыг товч тодорхойлбол: Асуудлыг тулгарч буй цэгээс нь шийдвэрлэх

Хэрэглэдэг гар утас: Iphone11 Promax

Сошиал хуудаснууд: Фэйсбүүк хаяг Г.Энхжин

АСУУЛТ

JCI Конгресс салбар байгууллагын гишүүн болсон хугацаа? 2019 он.

  1. JCI байгууллагатай анх танилцсан түүх
    Монголд 2018 оны 7-р сард ирээд найз нөхдөөсөө JCI байгууллагын тухай сонсож байсан. 2019 оноос бага зэрэг мэдээлэл авч сонирхож эхэлсэн. Ерөнхийдөө JCI бол идэвхтэй залуучуудын нэгдэл байгууллага гэж мэдэж байсан ч нарийн дүрэм журамтай  байдгийг JCI Конгресс салбар байгууллагын 2020 оны Эрх зүйн зөвлөх Г.Чимэдлхам захиралтай уулзах хүртлээ мэддэггүй байсан. Тэгээд Г.Чимэдлхам захирлаас  хэрхэн ажилладаг, ямар дүрэм журамтай, хэзээ хэрхэн үүссэн талаар бүрэн ойлголтыг авч танилцсан.

2. JCI байгууллагын таны одоогийн болон элсэхээс өмнөх бодол
Элсэхээс өмнө нарийн зүйлүүдийг мөн хэрхэн ажиллах тухай мэдэхгүй байсан. Хариуцлагатай алба аваад ажиллаад үзэхэд энэ байгууллагад байснаар улам илүү хөгжин дэвшиж, залуучуудтайгаа илүү ойр байх юм байна гэдгийг маш сайн ойлгосон. JCI байгууллагад орохоосоо өмнө маш их залхуу байснаа анзаарсан юм. Ажлаасаа илүү 20 минут гаргаж чаддаггүй байсан бол одоо.

3. JCI байгууллагад тэрнээс илүү цаг зарцуулж байна.
Хэрвээ би элсэж ороогүй бол надад цаг байхгүй хэмээн өөрийгөө татаад яг нэг хэвэндээ байх байсан гэж бодож байна.JCI байгууллагаас авсан хамгийн үнэт зүйлийг юу гэж боддог бэ?Ажиллаж эхлээд удаагүй тул энэ талаар дүгнэх арай болоогүй. Гэхдээ цаашдаа маш олон үнэт зүйл авна гэдэгтэй итгэлтэй байгаа. Авахыг ч хүсэж байна.

4. JCI байгууллагын үйл ажиллагаануудаас аль нь хамгийн их таалагдсан бэ?
Миний хувьд хамгийн таалагдсан үйл ажиллагаа бол Үндэсний байгууллагын Ерөнхийлөгчийн Зүүсгэл гардуулах ёслол байсан.

5. Та JCI байгууллагад юу хийхийг хүсдэг вэ?
Миний мэргэжил бол инженер. Тийм ч учраас Монголын минь бүх ард иргэдэд JCI байгуулагатайгаа хамтран ахуйн бүх хэрэглээний шугам сүлжээ асуудалгүй хүрдэг болгохыг зорьж байна. Нэг ч гэсэн айл шугам сүлжээтэй болж нүүрс түлэхгүй байх чиглэл дээр л анхаарч байна.

6. JCI Конгресс салбар байгууллагадаа та юу хийхийг хүсэж байна вэ?
Би JCI Конгресс байгууллагад ямар нэгэн юм хийхээсээ илүү эхлээд одоо ажиллаж байгаа хорооны захирлууд, удирдах албан тушаалтнууд, удирдлагын багийнхнаа дэмжиж сайн ажиллахыг хүсэж байна. Учир нь би хамт олноо илүү дэмжсэнээр JCI Конгресс салбар байгууллагынхаа эд эс нь болж, илүү бат бэх харилцаатай, туршлагатай болмоор байна. Ингэснээрээ би JCI Конгресс салбар байгууллагадаа юу хийхээ илүү төлөвлөж, бодож олох юм байна гэж бодсон.

7. JCI байгууллагад та ирээдүйн карьераа хэрхэн харж байна?  
Миний кареар бол танилын хүрээ гэж ойлгож байгаа. JCI байгууллагад орсноор чадварлаг олон найз нөхөд, танилтай болсон.

8. Та эрхэлдэг ажил хэргийн бизнесээ танилцуулж болох уу?
DongMyeong Engineering consultants & architecture компанийн  Ерөнхий менежер болон Улаанбаатар Хотын Гэр хорооллыг  Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл (2-р үе шат) дээр Дэд ахлагчаар ажиллаж байна. Энэхүү төсөл нь гэр хорооллыг инженерийн шугам сүлжээ, дэд бүтэцтэй болгох зорилготой.

9. Таны өдөр тутмын ажлын нэг өдрийн хэмнэл?
Өглөө бүр ажилдаа ирээд гадаад болон дотоод зөвлөхүүдтэйгээ хуралдаж, гарсан шийдвэрүүдээ захиалагч байгууллагадаа өгч асуудлуудыг хамтран шийдвэрлэдэг. Үүний дараагаар эрх бүхий байгууллагуудтай уулзана. Ерөнхийдөө ажлын ихэнх цагаа Гэр хороолол дахин төлөвлөх төсөлдөө зарцуулж байна.

10. Цагийн зохион байгуулалт, төлөвлөлтийг тань сонирхвол.
Нийслэл хэмээх маш том төсөл дээр ажиллаж байгаа учир цагийн төлөвлөлтөд зөрчилдөх гаднын хүчин зүйлс их. Ихэнхдээ 1 өдрийн өмнө төлөвлөгөөгөө гаргадаг.

11.  Ажилдаа хэдэн цаг зарцуулдаг вэ?
Өглөө есөөс орой есөн цаг хүртэл тогтмол ажилладаг.

12. Таны ойрын болон ирээдүйн зорилго?
Одоогийн ажиллаж буй байгууллагадаа БНСУ-ын компанийн соёл, ур чадвар, арга барилыг үлдээх зорилготой. Cолонгос инженерүүдийн мэдлэг туршлага, стратеги төлөвлөлт, ур чадварыг Монгол инженерүүддээ сургаж чадварлаг боловсон хүчинтэй болохын төлөө л ажиллаж байна.

13. Та спортоор хичээллэдэг уу? Хичээллэдэг бол ямар спорт?
Дунд сургуульд байхдаа л сагсан бөмбөг тоглодог байж билээ. Одоо тоглоогүй их удсан байна. (Инээв)

14. Хамгийн их ашигладаг, ашиглах дуртай апп тань юу вэ?
Ажлын шаардлага онцлогоор Autocad, Excel программууд, мөн Viber, Googlesheet аппликэйшнуудыг өдөр тутам байгууллага, багаараа ашигладаг.

15. Таны амжилтын нууц юунд оршиж байна?
Амжилттай гэхээсээ илүү амжилтанд хүрэхийг хичээж буй залуу гэж хэлж болно. Сургуулиа төгсөхөд БНСУ-д гадаад оюутнуудыг ажилд авч эхэлсэн. Мөн БНСУ-д ажлын ярилцлагад орж ажлын гараагаа эхэлсэн маань миний хувьд маш их аз завшаан юм гэж боддог.  Миний амжилтын нууц нь би олдсон боломж бүрийгээ алдалгүй уйгагүй зүтгэсэнд байдаг байх.

16. Хийх ажлын жагсаалтаа хэрхэн хөтөлдөг вэ?
Би ажлын жагсаалтаа хаягдах гэж байгаа А4-ийн цаасыг ашиглаад ард нь бичээд “check” хийгээд хэмнээд явчихдаг. Харин хурал зэрэг илүү чухал зүйлсийг тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж хөтөлдөг.

17. Хийж буй ажлын тань эерэг ба бэрхшээлтэй талууд юу вэ?
Маш гоё асуулт байна. Ерөнхийдөө  Улаанбаатар хот социализмын үеэс хойш ийм том бүтээн байгуулалт хийгээгүй. Миний ажиллаж буй төслүүд шинэ бас том. Яагаад гэвэл инженерийн шугам сүлжээ, цэвэр бохир, дулаан, харилцаа холбоо, авто замыг хамарсан ийм том цогц төслийг Монгол улсад хэрэгжүүлж байгаагүй. Энэ бол ердөө ганц дулааны шугам татах ажил биш. Цогц дэд бүтцийн үйлчилгээ юм. Магадгүй, хэдэн жилийн дараа Дамбадаржаа гэдэг дэд төв маань гэр хороолол биш, харин хотхон, хотхон хотхондоо хотын нэг том гол төв болчихвол миний бахархал тэр болох байх. Би энэ том бүтээн байгуулалтыг залуустайгаа хамт эхлүүлж байсан шүү хэмээн дурсан бахдаж явах болно. Бүтээж байгуулсан зүйлсээ харах нь инженер хүнд хамгийн сайхан. Миний татсан дулааны шугамаар нэг ч гэсэн өрх тавлаг аж төрж байна гэдэг бол наддаа жаргал юм.

Хүндрэл бэрхшээл маш олон. Инженерийн шугам сүлжээний хувьд эх үүсвэрийн асуудал маш хүнд. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Ялангуяа дулааны асуудал. Өвлийн хүйтнээр энэ дулаан  хүрэлцэх үү? Эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ? Шинэ, шинэлэг санаа юу байна? Газаар дулааныг хангаж болох уу? Газрын хийг хэрхэн ашиглах вэ? Цахилгааны хувьд  хаанаас эх үүсвэр авах уу? гээд асуудал мундахгүй. Газар чөлөөлөлт хүндрэлтэй байдаг тул төлөвлөлтийг хэрхэн хийх талаар маш сайн шийдвэр гаргаж ажиллахгүй бол манай төсөл хугацаатай. 2023 он гэхэд төслийн хугацаа дуусна.

18. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл?
Морь унах юм уу даа.  Ямар ч морин дээр мордож чадна.

19. Та одоо юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?
Гэр хороолол дахин төлөвлөлтийн төсөл дээр л маш их төвлөрч ажиллаж байна.

20. Та хэр их уншдаг вэ? Одоо ямар ном, нийтлэл уншиж байна?
Ном нээх уншаад байдаггүй гэхдээ яг сонирхсон номоо л уншдаг. Түүхийн болон шашны холбогдолтой ном унших дуртай. Яг дуусгаагүй уншиж байгаа ном бол “Гурвалсан задиг”.

21. Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?
Би их сайн унтдаг. Гэхдээ яг тогтсон унтдаг цаг байхгүй. Ихэвчлэн 22:00 юм уу 23:00 цагт унтдаг. Гэхдээ өглөө бол 06.30-с 7:00 цагт сэрдэг зуршилтай.

22. Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим сонсох дуртай вэ?
Ажиллаж байхдаа дуу сонсдоггүй. гэхдээ Maroon 5–ын дуунуудад их дуртай шүү.

23. Таныг ажиллаагүй үед хаанаас олж болох вэ?
Намайг ажилаагүй үед нэг бол кофе шопоос эсвэл гэрээс олох байхдаа.

24. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Чөлөөт цаг ер нь их бага гардаг. Гарах юм бол ихэвчлэн боулинг тоглох дуртай.

25. Та хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ?
Би хүүхэд байхдаа айлын эрх дураараа хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байсан. Том болтлоо айлын ганц байсан  болохоор зуны улиралд хөдөө явж өвөө эмээ дээрээ очиж морины хүүхэд болдог. Аав ээжийгээ сургууль дээр их дуудуулна. Айхавтар хэрэг тарихгүй ч гэсэн хүүхэд шоглолоо гэж зэмлүүлдэг байсан. Би бага ангидаа шавь цогцолбор сургуульд сурч харин төгсөх жилдээ Дархан хотын “Оюуны Ирээдүй” сургуулийг төгссөн. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань хүүхэд байхад хөдөө шороон замтай, пургон УАЗ-469 автомашин л явна. Донсолгоон ихтэй, дээр нь цонхоор шороо их орж ирнэ, кондэйшн байхгүй, их халуун. Монгол орныхоо сайхан байгалийг тухтай харж чадахгүй дотор зайлагдаад л явна. Тэр үед би хэзээ нэг цагт хөдөөгийн замаар тав тухтай аялангаа, гайхалтай сайхан байгалиа гаднынханд гайхуулна даа гэж боддогсон. Тэгээд л зам гүүрийн инженер болох ёстой юм байна гэж бодсон.

26. Хобби?
Боулинг тоглох дуртай.

27. Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?
Янз бүр дээ. Ажиллаж буй хамт олон, гэр бүлээс, аав ээжээсээ, мөн JCI-ийн залуусаасаа урам зориг авдаг. Би өдөр болгон л хэн нэгнээс  урам зориг авахыг хүсдэг.

28. Стрессээ хэрхэн тайлдаг вэ?
Сайхан унтаж амраад л стрессээ тайлчихдаг

29. Таны амьдралдаа авч байсан хамгийн том сургамж?
Нэг ажлыг битгий олон дахин хий, нэг ажлыг нэг л хий гэдэг л зарчмаар явж байгаа.

30. Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Миний өвөөгийн өгсөн хамгийн сүүлийн  зөвлөгөө  “Миний хүү цөөхөн хүүхэдтэй айлын хүү учраас  олонтой яваарай. Хэрвээ олонтой явах юм бол хэзээ нэгэн цагт чамайг тусалж дэмжих хүмүүс гарч ирнэ. Чи олонгүй ганцаараа явбал хэн ч чамд туслахгүй, дэмжихгүй. Хэрвээ чамайг олон хүн хүрээлж байвал өөрийгөө зөв  явж байна гэж бодоорой гэж зөвлөсөн юм. Энэ миний амьдралын хамгийн чухал зөвлөгөө.

31. Хэлэх дуртай онч үг?
Их залхуугаас бага залхуу.

32. 10 жилийн өмнөх болон одоогийн та хэн бэ?
Хэдий хэлний бэлтгэлд суусан ч оюутан болоод хичээлээ ерөөсөө ойлгохгүй хальт төгсгөлүүдийг л нь гадарладаг байсан. Орой нь мэргэжлийн номоо тэврээд уйлаад суудаг байсандаа. Харин 10 жилийн дараах би мэргэжилдээ өөрийн гэсэн орон зайтай, тодорхой хэмжээний буурь суурьтай байх болно гэж найдаж байна.

33. Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар?
Цаг тутамд л өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна.  Би яг одоо материаллаг сэтгэхүйд гацсан гэж хэлж болно. Учир нь замаа хэрхэн барих вэ гээд л. Харин бидний доод үе бол бидний ирээдүй юм. Тэд задгай чөлөөтэй сэтгэж, хүсэж мөрөөдөж байна. Дэлхийн ирээдүй Англи, Хятад, Орос, Америкт биш харин бидний дараагийн үед байгаа гэдэгт би итгэдэг. Хөгжлийн хувьд тэдний л төсөөллөөр болно. Бидний хийж байгаа зүйлсийг тэд хөгжүүлэх болно. Үнэндээ Монгол улсыг би хоцрогдсон гэж бодохгүй байна. Материаллаг зүйлсээр хоцрогдсон байж магадгүй ч боловсрол, оюун санаагаар дэлхийгээс хоцроогүй харин ч урд нь байна.

34. Залуу хүнд байх ёстой зарчим?
Миний ойлголтоор Монголд ямар залуучууд хэрэгтэй вэ гэхээр чадахгүйгээ чадахгүй гээд хэлчихдэг, цаг барьдаг, мэдэхгүйгээ мэддэг тийм л залуучууд хэрэгтэй.

35. Манай төслөөр дамжуулан залуустаа хандан юу хэлж зөвлөхийг хүсэж байна?
Залуучууд JCI байгууллагад өргөнөөр элсэж, манай байгууллага нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээснээрээ олон залууст хөгжих боломжийг олгож, Монголын JCI дэлхийд дахин топ болоосой гэж хүсэж байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх