ЯПОН: Шинэ эзэн хааны эриний нэрийг зарлалаа

ЯПОН: Шинэ эзэн хааны эриний нэрийг зарлалаа

Японы шинэ эзэн хаан төр барих эриний нэрийг Рэйва гэж нэрлэх болсон талаар Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ.

Тэрбээр шинэ эзэн хаан төр барих хугацааны он жилүүдийг нэрлэх нэрийг ханзаар бичсэн хоёр бичгийг шууд эфирийн үеэр харуулсан бөгөөд “Рэйва” гэх үг нь “журам, нийцэл” гэсэн утгатай гэнэ. Харин албан ёсны утга зангилааг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тайлбарлан мэдэгдэл хийх юм байна.

Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдснээр шинэ эринийг нэрлэх үгийг 600-759 оны үед бичигдсэн шүлгүүд бүхий, Японы “Манъёсю” яруу найргийн эртний цоморлигоос авчээ.

Энэ нь Японы эзэн хаан төр барих эриний нэрийг Японы уран зохиолоос авч байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Өмнө нь нэршлүүдийг ихэвчлэн хятадын сонгодог зохиолуудаас авдаг байжээ.

Шинэ эзэн хааны төр барих эриний нэрийг нууц байдалтайгаар хэлэлцэн тогтож, улмаар өнөө өглөө Акихито хаан батлан гарын үсэг зурснаар олон нийтэд зарлаж буй нь энэ юм.

Энд дуулгахад, Японы өнөөгийн эзэн хаан, 85 настай Акихито дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ бууна. Дараагийн өдөр нь шинэ эзэн хаан, Акихитогийн том хүү, угсаа залгамжилсан хунтайж Нарухито хаан ширээнд суух бөгөөд ингэснээр Рэйва нэртэй шинэ эрин эхлэх юм.

Япон улсад олон улсын болон шинэ хаан төр барих хугацаагаар тооцдог өөрсдийн гэсэн хоёр төрлийн он тоолол үйлчилдэг. Улмаар, Японы тооллын дагуу энэ жил тус улсад 2019 он ба Хэйсэй эриний 31 дүгээр он тохиож байгаа юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх