ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНЫ ЦААНА ЯМАР ХУЙВАЛДААН БОЛСОН БЭ?

ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНЫ ЦААНА ЯМАР ХУЙВАЛДААН БОЛСОН БЭ?

Оршил:
Нэг хүний хяналтанд бүх эрх мэдэл төвлөрөх цагт хамгийн муу үр дагаврууд л отож байдгийг дэлхийн түүхүүд заасан. Энэ бол тухайн хүний сайн, муу зан чанарын асуудал биш. Угаас эрх мэдэл дээр суурилсан хүсэл, хэзээ ч зогсдоггүй шунал болон хувирдаг нь хүн төрөлтний амьтнаас ялгарах мөнхийн онцлог.

Өнөөдөр Монгол Улсад нэг хүний албан бус авторитар дэглэм нэгэнт тогтсон. Үүнийг хамгийн сайн мэдэрч байгаа эрхмүүд бол уг хүнийг бурханчлан шүтэгч эрх баригч намынхан.

АХЫНХАА ӨӨДӨӨС АРВАЛЗВАЛ
2025 оны 06-р сарын 03-ний үдэш. УИХ-ын чуулганы танхимд Ерөнхийлөгч урилгагүй морилон, МУ-ын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг унагах ажиллагаанд биечлэн оролцсон явдал нь парламентийн засаглалт Монголын ардчилалд аюул нүүрлэснийг сануулсан “харанга” болов.

Иргэд бол Л.Оюун-Эрдэнийг хүү, бэр хоёрынх нь амьдралаас тасарсан тансаг хэрэглээ гэрэл цохьсоноос болсон гэж боддог. Гэхдээ тэр бол жинхэнэ шалтгаан нь биш зүгээр л шалтаг. Харин бодит шалтгаан нь У.Хүрэлсүхийн хүссэн шиг Үндсэн хуулийг өөрчлөн эрх мэдлийг нь дахин 6 жилээр сунгах ахын хүслийг хангахгүй гэсэнд бий.

Л.Оюун-Эрдэнэ сайн Ерөнхий сайд байгаагүй. Гэхдээ хазааргүй эрх мэдлийн өөдөөс сөрж зогссон нь гавьяа болж түүхэнд үлдэнэ. Тэр тэмцэж ялагдсан гэх боловч үнэндээ бол тэмцлээ эхлүүлж ч амжилгүйгээр, ахын авторитор дэглэмийн системд тээрэмдүүлсэн юм.

ХЯНАЛТЫН ЗАСГИЙН ГАЗАР
Үүний дараа автоматаар Ерөнхий сайд болсон Г.Занданшатар бол ард түмний хүсэл биш. Тэр бүү хэл ардын намынханд ч тийм бодол байгаагүй. Ердөө л хяналтын засгийн газартай болох гэсэн дэглэмийн эзний хүсэл.

Г.Занданшатар бол сүүлийн сонгуулиар сүүл мушгиж улс төр дэхь ашиглалтын хугацаа нь нэгэнт дуусч байсан хүн. Ер нь тэр ашиглагдаж байхдаа энэ намын төлөө нэг ч сонгуульд хариуцлага үүрч, дарийн утаа үнэрлээгүй, намын гишүүдийн төлөө дурсах нэг ч гавьяагүй, хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй, зангараг гэдэг юм бүр ч байхгүй нэгэн. Гэсэн хэрнээ дэглэмийн эзний тааллаар энэ намын хамаг л торго ямбанд хөлбөрч явдаг, эзнийхээ итгэлийг эвддэггүй хүүхэлдэй.

Итгэл эвдсэн дүү шиг нь эсэргүүцэл үзүүлэхгүй, хүүхэлдэй шиг утсаар удирдаж болдог учраас одоо түүнийг намын дарга болгох зорилготой.

ХЯТАД ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛ
Саяхан Жанчхүүгийн даваан дээр болсон түүхэн байлдааны ойд зориулсан Ши Жимпинь даргын айлчлалд У.Хүрэлсүхийн үнэнч торгон түшмэлүүдээс гадна ямар ч хамааралгүй хүмүүс болох, том паракциудын эздүүдийг (Сү.Батболд, Ми.Энхболд) айлчлалын багтаа урьж, хамт явсан нь нийгэм улс төр сонирхогч хүмүүсийн хувьд цочмоор үйл явдал юм.

Коммунист намын дараагийн удирдагчийг сонгох нэртэй боловч бараг томилох лоббиг улс төрийн том паракциудын эздүүдтэй зурж яваа нь тэр юм.

Ард түмний сонгуулийг хүртэл авторитараар явуулдаг коммунист намын хувьд их хурлаа автоматаар гар өргүүлэх мэдээж амархан.

УЛС ТӨРИЙН БАРИВЧИЛГАА:
Г.Занданшатар нь УИХ-д сонгогдож чадаагүйн дээр нам дотроо ч рейтинг муутай. Тэгэхээр УИХ-д сонгогдсон гишүүдээс намын даргад Г.Занданшатартай өрсөлдөх хүн өрвөлзөх л юм бол түүн дээр хэрэг тохож, ойр тойрны хүмүүсээс нь шуурхай баривчилгаа хийнэ. Угаасаа улс төрийн нэг өрсөлдөөний өмнө баривчилгаа хийдэг нь бараг том эрх мэдэлтнүүдийн тоглоом. “Туу” гэнгүүт дайрдаг нохой шиг болсон АТГ команд хүлээгээд байж байгаа. Чухам хэн Г.Занданшатартай өрсөлдөхийг оролдож, хэнийг баривчлах бол...

ХҮМҮҮСИЙН ОЙ САНАМЖИНД ОЙР БАЙГАА ТҮҮХЭЭС
1. Дэлхийг дайны талбар болгож, эх газрыг цусаар нялсан Адольф Гитлер.

2. ЗХУ-ын сая, сая сэхээтнийг “ард түмний дайсан” нэрээр хядаж, цаашлаад хөрш Монгол улсад уг аллагаа хэрэгжүүлсэн Сталин.

3. Ганц гэр бүлээс бусад бүх ард түмэн нь өлсгөлөн, айдас хоёрын дунд амьдардаг хойт Солонгос

4. Яг өнөөдөр ард иргэд нь тэсэрч байгаа Непал улс.

Эдгээрийн уг үндэс нэг л зүйлээр холбогдоно: Эрх мэдэл ганц хүний гарт төвлөрөхөд улс төрийн дэглэм авторитараас диктаторт шилжиж бусад сонголтууд хаагддаг. Эцэст нь дарангуйлал эсвэл цуст хувьсгал гэсэн хоёр зам л үлддэг. Мэдээж манай улс маргааш ийм болгочихгүй ч гэсэн улс төрийн бодит байдал ийм жимээр нэгэнт ороод уруудаж яваа.

КОММУНИСТ НАМЫН ГИШҮҮДЭД!
Улс орны эрх ашгаа боддоггүй юм гэхэд өөрсдийн эрх ашгаа бод! Эрх ашгууд зэрэгцэж байж та нарт сонголт байх болно. Нэг эрх ашиг ноёлвол та нарт сонголт байтугай шаанс ч гарахгүй. Одоо л хазаарлаж хязгаарлахгүй бол наашилж байсан боломжууд чинь буцаад цаашлаад эхэлсэн...

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх