Онцгой байдлын байгууллагын дэргэдэх “Аврагч” мэргэжлийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр ДХИС-ийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн “Багш хөгжлийн төв”-д боллоо.
Хуралд Мэргэжлийн зөвлөлийн дарга, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга, хурандаа Б.Батжаргал, Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар, Бие бүрэлдэхүүний сургалтын тасгийн дарга, дэд хурандаа Н.Цоггэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч З.Отгонзаяа, АМСҮТ-ийн сургалтын арга зүйч, хошууч Г.Эрхэс, Онцгой байдлын тэнхимийн багш, алба хаагчид оролцсон юм.
Хуралдаанаар мэргэжлийн боловсрол олгох “Аврагч” нэг жилийн хөтөлбөр, мэргэжлийн сургалтын “Аврагч-гал сөнөөгч”, “Гал унтраах автомашины жолооч”, “Холбооны бага мэргэжилтэн” мэргэжлийн хөтөлбөрүүдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс ирүүлсэн дүгнэлтийн дагуу хөтөлбөр сайжруулах талаар хэлэлцлээ.
Мөн мэргэшсэн жолоочийг “Гал унтраах автомашины шатны техникч” хөтөлбөрөөр 45 хоногийн хугацаатай мэргэшүүлэн сургахаар, “Аврагч-усчин” мэргэжлийн сургалтыг жилийн хугацаатай зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн “Аврагч-химичин”, “Аврагч-тэсэлгээчин”, “Аврагч-шүхэрчин” мэргэжлийн сургалтуудыг Онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагатай үед зохион байгуулахаар боллоо.
Нийт 0