ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ТӨРСӨН ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД БОЛОН УУРХАЙЧДАД ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛЛАА

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ТӨРСӨН ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД БОЛОН УУРХАЙЧДАД ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛЛАА

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан тус үйлдвэрээс төрөн гарсан үе үеийн хөдөлмөрийн баатрууд болон уурхайчдынхаа төлөөлөлд орон сууцны түлхүүр гардууллаа.  Эдүгээ 43 жилийн ойтойгоо золгож буй  зууны манлай үйлдвэрийнхэн түүхэн замналынхаа туршид Д.Жаргалсайхан, Д.Жигмэдцэрэн, Ж.Чойжилсүрэн, Д.Бямбаа, Т.Нямжав, Б.Батбаяр нарын нийт зургаан хөдөлмөрийн баатрыг төрүүлжээ. Ил уурхайн өрмийн машинч Д.Жаргалсайхан 1988 онд 30 насандаа Эрдэнэт үйлдвэрийн ууган хөдөлмөрийн баатар болж байсан түүхтэй. Эрдэнэтийг байгуулалцаж, хөгжил дэвшлийн замд хөтлөхөд залуу насны хөдөлмөр бүтээл, ажил амьдралынхаа бүхий л он жилүүдийг зориулсан хөдөлмөрийн баатрууддаа хүндэтгэл үзүүлж, шинээр баригдаж буй “Уурхайчин-3” хороололд амины орон сууц олгох батламж гардууллаа. 


       Мөн эгэл чулууг эрдэнэс болгон хувиргадаг уурхайчид, шилдэг ажилтнуудаа үйлдвэрийн дээд шагнал болон орон сууцаар шагнаж, урамшуулав. Ил уурхайн Эрчим зүйч  Ж.Энхцоожийн нэрийг Эрдэнэт үйлдвэрийн  “Хүндэт дэвтэр”-т бичин алдаршуулж, таван сая төгрөгөөр, Геологи хайгуулын экспедицийн цооног өрөмдөгч Л.Бадрахбаярыг “Эрдэнэт” дээд өргөмжлөл, хоёр сая төгрөгөөр тус тус шагналаа.  Түүнчлэн Ил уурхайн бульдозерийн машинч Э.Мөнгөншагай,  Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан ба хийн гагнуурчин Б.Анхбат, тээрмийн машинч Б.Болдбаатар, Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолооч Р.Энхболд, Засвар механикийн заводын  тоног төхөөрөмжийн засварчин Ш.Гаанжуур нарт нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Уурхайчин” хороололд тус бүр 3 өрөө бүхий орон сууц олгож, түлхүүр гардуулав. 


Цахим хэлбэрээр зохион байгуулсан тус үйл ажиллагааны үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт уурхайчдадаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэр 43 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд уурхайчид бид 980 сая тонн хүдэр олборлож, 920 сая тонн хүдэр боловсруулж, үр дүнд нь 19 сая тонн баяжмал үйлдвэрлэжээ. Цар тахлын амаргүй цаг үед ч дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж, үндэсний баялаг бүтээсээр буй уурхайчид та бүхэндээ баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй уурхайчин бүр жилд 155 сая төгрөгийн үндэсний баялаг бүтээж байна. Энэ бол та бидний зүгээс улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй дорвитой хувь нэмэр юм. Эрдэнэтийн уурхайчид бидний хувьд 2021 он бүтээн байгуулалт өрнөсөн, улс орон ард түмнийхээ өмнө том хариуцлага үүрсэн, цар тахлын хүнд үетэй тулж, тэмцсэн он жил болж байна. Хэдийгээр хүнд цаг үе боловч бид эв нэгдэл, эмх цэгцтэй  байж, хариуцлагатай байсны үр дүнд эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-140 хувиар биелүүлэн, амжилттай ажиллаж буйд баяртай байна. Энэ баялагийг бүтээсэн үйлдвэрийн нийт удирдлагын баг болон хамт олондоо дахин талархал илэрхийлье” хэмээсэн юм. Мөн тус үйл ажиллагаанд Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл оролцож, Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд баяр хүргэв. Тэр Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд том төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, эхний ээлжинд 400 гаруй ажлын байр шинээр нэмэх асуудлыг ТӨБЗГ-ын хорооны хурлаар дэмжиж шийдвэрлэснийг хэлсэн үгэндээ онцоллоо. 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх