Багануур ХК АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэгтэй хамтран ажиллах боломж байна

Багануур ХК АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэгтэй хамтран ажиллах боломж байна

2020.10.16-ны өдөр Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал, Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүд болон ҮЭНХ-ны дарга О.Бат-Ирээдүй тэргүүлэгчдийн хамт Улаанбаатар хотод ажиллаа. Тэд эхлээд АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах талаар санал солилцлоо. 2019 оны 6 сард үүд хаалгаа нээсэн тус эмнэлэгт Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн 90 гаруй хувийг бэлтгэн гаргадаг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эрдэмтэн багш нар, доктор профессорууд ажилладаг гэдгээрээ онцлогтой.Мөн Япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх болсон нь энэ эмнэлгийн бас нэг онцлог.

Тус эмнэлэг нь иргэдэд мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Мөн түүнчлэн Япон улсын буцалтгүй тусламжаар хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий MRI, КТ зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор зэрэг 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн шинэ техник технологи бүхий дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг юм.

Хэрэв манай компани энэхүү Монгол Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулвал 2020 оны нийт ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог тус эмнэлэг хариуцан хийнэ.

Байгууллагын хамгийн үнэт зүйл болсон ажилтнуудынхаа эрүүл мэндийн үзлэгийг дэлхийн жишигт нийцсэн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий эмнэлгийн мэдлэг туршлагатай эмч нараар хийлгэх нь ажилтнуудын хувьд том боломж юм.

Нэн ялангуяа сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ ихээхэн анхаарч эрт илрүүлэгт ач холбогдол өгдөг болсон энэ цаг үед хамгийн сүүлийн үеийн оношлуураар оношлуулах нь ажилтнуудын сэтгэл ханамжид ихээхэн нөлөөлөх нь дамжиггүй.

Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор манай улсын иргэд гадаад улсыг зорьж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах урсгал буурч, өндөр зардал гаргадаг явдал багасч байгаа нь тус эмнэлгийн чанар чансааг илтгэх бизээ.

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх