НИЙСЛЭЛИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ 3.4 ХУВИАР ДАВЖ БИЕЛЖЭЭ

НИЙСЛЭЛИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ 3.4 ХУВИАР ДАВЖ БИЕЛЖЭЭ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл баталж, нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVI хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулга хийсэн. Танилцуулгад дурдсанаар нийслэлийн 2018 оны төсвийн орлогын гүйцэтгэл 40.5 тэрбум төгрөгөөр буюу 3.4 хувиар давж биелсэн дүнтэй гарчээ. Үүний 872.3 тэрбум төгрөг нь 69.8 хувь нь хууль тогтоомжийн дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх татварын болон татварын бус орлогын эх үүсвэрээс, 377.2 тэрбум төгрөг нь 30.2 хувь нь тусламжийн орлого буюу улсын төсвөөс нийслэлд хувиарлах тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн нэгдсэн сангийн шилжүүлгээс бүрдсэн байна. Нийслэлийн төсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөө 43.8 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар давж биелснээс татварын орлогын төлөвлөгөө 36 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 7.8 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн дүнтэй гарчээ. Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хувиарлах орлого нь 100 хувь төвлөрсөн байна.

Тэгвэл тусгай шилжүүлгийн байгууллагуудын өөрийн орлогын төлөвлөгөө 3.3 тэрбум төгрөг буюу 33.9 хувиар давж биелсэн байна. Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэхэд татварын орлого, тэр дундаа иргэдийн хадгаламжийн хүүгийн орлого, үйл ажиллагааны орлого, үл хөдлөх хөрөнгийн борлуулсны орлого, шууд бус орлого, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөрийн орлого зэрэг нөлөөлсөн аж. Тэгвэл өнгөрсөн онд Байгаль орчин, аяллал жуулчлалын яамнаас самар экспортлох зөвшөөрлийг хязгаарласантай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн төсөвт төвлөрөх улсын тэмдэгтийн хураамжийн орлого 15.5 тэрбум төгрөгөөр тасарсан нь нийслэлийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийн орлого тасалдахад нөлөөлсөн байна.

Тэгвэл өнгөрсөн онд нийт 33034 татвар төлөгч иргэнд 23 тэрбум 610.4 сая төгрөгийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг хийжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад нэг тэрбум 804.8 сая төгрөг буюу 7.2 хувиар буурсан байна.

Газрын төлбөрийн орлого 9.5 тэрбум төгрөгөөр давж биелсэн боловч газрын дуудлага худалдааны орлогын тасалдлаас шалтгаалж, газрын төлбөр нийт дүнгээр 3.1 тэрбум төгрөгөөр тасалдсан дүнтэй гарчээ. Өнгөрсөн оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 42 байршилд 100.8 га газрыг дуудлага худалдаагаар худалдаж, 13.7 тэрбум төгрөгийн орлогыг хотын төсөв төвлөрүүлэхээр баталсан ч Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 15 дугаар тушаалаар дуудлага худалдааны жишиг тариф бууруулж баталсан, найман байршилд татвар төлөлтийн даалгавар батлагдаагүй, батлагдсан байршлуудаас дуудлага худалдаа зохион байгуулсан ч зургаан байршилд 6.3 га газар 909.8 сая төгрөгөөр зарагдаж, үлдсэн байршилд газар худалдаагүй зэрэг шалтгаануудаас үүдэн газрын дуудлага худалдааны орлого 12.7 тэрбум төгрөгөөр тасалджээ.

Тэгвэл татварын бус орлого 708 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Үүнд 2017 оны өмч хувьчлалын жагсаалтад орсон "Усан спорт сургалтын төв"-ийг 2018 онд нээлттэй дуудлага худалдаагаар 8.7 тэрбум төгрөгөөр хувьчилсан нь өмч хувьчлалын орлого давж биелэхэд гол нөлөө үзүүлсэн байна.

Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр авч үзвэл хотын шуудын төсөвт 641.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч нийслэлийн төсвийн орлогын 72.4 хувийг, дүүргүүдийн төсөвт 240.4 тэрбум төгрөг төвлөрч нийслэлийн төсвийн 27.6 хувийг тус тус бүрдүүлжээ.

Нийслэлийн 2018 оны төсвийн нийт зарлага нэг их наяд 182.3 тэрбум төгрөг байжээ. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын нийт зардлын төлөвлөгөөг 778 сая төгрөгөөр баталж, 715.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тусгай шилжүүлгийн төсвийн байгууллагуудын нийт зарлагын төлөвлөгөөг 364.2 тэрбум төгрөгөөр баталж, 357.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байжээ. Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн байна. Нийт зарлагын 996.8 тэрбум төгрөг нь урсгал зардалд, 285.5 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардалд зарцуулжээ.  Тэгвэл санхүүгийн нэгтгэсэн тайланд 2018 онд нийслэл хот 782.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, үүнээс 224.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй гэсэн тоо мэдээг дурдсан байна.

Уг асуудалтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Төмөрбаатар “2018 оны газрыг төлбөр тасарсан дүнтэй гарсан байна.  Энэ ямар шалтгаантай байв” гээд нийтийн тээврийн салбарт хөрөнгө санхүүжилттэй холбоотой тулгамдсан асуудал цөөнгүй байгааг анхаарч ажиллахыг хэлсэн юм. Үүнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн зүгээс “Газрын төлбөр тасарсан нь тарифаа бууруулсантай холбоотой” гэсэн хариултыг өгсөн юм. Ийнхүү уг асуудлыг нийслэлийн ИТХын XXVI хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх