Хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хороонд улсын сургууль, цэцэрлэг байхгүй. Гэтэл тухайн байршилд 40 мянга орчим иргэн оршин суудаг. Иймд газар чөлөөлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барихаар ажиллаж байгаа юм.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4002 ам метр газрыг чөлөөлөөд буй. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4000 ам метр талбайг чөлөөлж 240 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар төлөвлөөд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд их хэмжээний барилгажилтын дүнд Улаанбаатар хотод олон том орон сууцны хороолол бий болсон. Тухайн хотхон, хорооллоос ажил, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв гэх мэт бусад газар луу чиглэсэн хөдөлгөөн нь түгжрэлийн гол шалтгаануудын нэг болдог. Тиймээс хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй байршлуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орц, гарцыг нэмэгдүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна. Газраа чөлөөлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэрлэнэ” хэмээлээ.
Чөлөөлсөн талбайд барих сургууль, цэцэрлэгийн тендерийг товлосон хугацаанд зарлах, аж ахуйн нэгжүүдтэй яаралтай зөвшилцөх, орц, гарцыг нэмэгдүүлэх, барилгын ажил нь эхэлсэн сургууль, цэцэрлэгүүдийн бүтээн байгуулалтад тулгарч буй асуудлыг түргэн шийдвэрлэж ажиллахыг Хотын дарга дүүргийн удирдлага болон холбогдох албаныханд даалгав.
Нийт 0