Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг баталлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үргэлжлэл болох баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барих шийдвэр гаргасан. Хэрэгжүүлэх зарчим нь концессын хэлбэрээр гүйцэтгэнэ. Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын бодлогын баримт бичгийг баталснаар эхний ээлжинд 1255 км орчим нь Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд, зүүн босоо нь Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлд 426.6 км гэж тооцож байна.
Монголын төмөр зам ТӨХК-д болон бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг, төслийг боловсруулж, барих, ашиглах, шилжүүлэх нөхцлөөр төмөр замуудыг барьж, төрд хүлээлгэн өгнө.
Одоогийн байдлаар төмөр замын салбарт гурван томоохон төсөл хэрэгжиж байна. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл. Эдгээрээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам анхны тээврээ гуравдугаар сарын 5-нд Оюутолгойн зэсийн баяжмалаар хийсэн. Дараагийн ачилт хийгдэж байгаа. Албан ёсны нээлт хийхэд бэлэн болсон” хэмээн мэдэгдлээ.
Нийт 0