“Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” боллоо

“Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” боллоо

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “Автомашингүй өдөр” өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцов.

Өдөрлөгийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хүн төвтэй хотын шийдлийн хүрээнд зохион байгуулж байгаа “Цэвэр агаартай автомашингүй өдөр” өдөрлөгт та бүхний оролцоо маш чухал. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах үүднээс олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ бүхнийг иргэд та бүхний оролцоо дэмжлэггүйгээр хийх боломжгүй. Тиймээс иргэд, оршин суугчид, ирээдүйн хөгжлийн эзэд болсон хүүхэд залуучууд та бүхэн бидэнтэй хамтарч хотын хөгжлийг бүтээлцэж, их хотын соёлыг түгээгээрэй гэж уриалмаар байна” гэлээ.

Мөн хотын Захирагч энэ үеэр өдөрлөгт оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзан тэдний санал сэтгэгдлийг сонсож, агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэн хамтарч ажиллахыг уриаллаа. Монголын дугуйчдын холбооноос санаачилсан 5000 гаруй дугуйчдын парадад яг одоо хотын Захирагч С.Амарсайхан оролцож байна.

Хоёр өдөр зохион байгуулж буй өдөрлөгийн үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, байгальд ээлтэй дэвшилтэт технологийн шийдлийг сонгох, дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, “Ногоон зээлийн сан”-гаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах талаарх зөвлөмж, мэдээллийг өгч байна.

 

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх