НИЙСЛЭЛИЙН 555 ЭЭЖИД “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

НИЙСЛЭЛИЙН 555 ЭЭЖИД “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

“Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан нийслэлийн ИТХ, ЗДТГ, “Алангоо эх” ТББ хамтран нийслэлийн 555 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Өнөөдрийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Агаар, орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж, Ш.Үнэнбат, С.Мөнхчулуун, Д.Баярсайхан, Ц.Байгалмаа, Д.Бадарсан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс оролцов. 

“Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээг нээж нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг инээд хөөрөөр дүүрэн тэмдэглэж буй Хорвоогийн хосгүй сайхан хүүхэд-эрдэнийг энгэртээ хэдэнтээ ургуулан тэвэрсэн эрхэм хүндэт алдарт эхчүүд Та бүхэндээ болон хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилье. Энэхэн дэлхий ертөнцийн хаана ч байсан хүүхэд хэмээх эрдэнэ гэр бүл, аав, ээждээ амьдралыг гийгүүлэх наран болж мэндэлдэг гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Ялангуяа монголчууд бид “Хүн нэмбэл хүнс нэмнэ ээ” гэж эртнээс нааш бэлгэшээн хэлэлцэж ирсэн ард түмэн. Хүний олноор, хүн хүнийхээ дэмээр аливаа улс гүрэн хүчирхэгжин дэвждэг жамтай учраас монголчууд бид өнөр олуулаа болохыг үеийн үед мөрөөсөж ирсэн билээ. Монголын бахархалт түүх, уламжлал, хөгжил дэвшил бүхэн эхчүүд, эмэгтэйчүүдийн оюун билиг, эрдэм ухаан, хичээл зүтгэл, оролцоо санаачилгатай салүгүй холбоотой юм. Шагнал гардан авч буй ээжүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, Та бүхний гэр бүл, үр хүүхдэд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сүүн цагаан сэтгэлийн ерөөлөөр улс орон минь өнө мөнхөд мандан бадарч, Монголын үрс маш олон болох болтугай” гэсэн юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх