НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫНХАН ХОТ ОРЧМЫН НОГООН БҮСЭД АЖИЛЛАЛАА

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫНХАН ХОТ ОРЧМЫН НОГООН БҮСЭД АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, тоосжилтыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд БНСУ-ын Инчёон хоттой хамтран "Мөрөөдлийн ой" төгөл байгуулж буй. Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн онд тус төгөлд 10 000 мод суулгасан бол өнөө жилийн бүх нийтээрээ мод тарих өдрийн хүрээнд 10 га газарт, 8000 мянган мод суулгахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Хурлын төлөөлөгчид, ажилтнууд, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны удирдлага, иргэд хамтран гурван төрлийн мод тарьсан юм. Мөн тус арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүлийн удирдагч Д.Мөнхжаргал, БХБЯ-ны төлөөлөл, нийслэлийн Байгаль орчны газрынхан, Жаргалант тосгоны удирдлага, иргэд, оршин суугчид оролцсон юм. 

Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан гаргаж авсан бордоо ашиглав

"Мөрөөдлийн ой" төгөлд суулгасан моддыг органик бордоогоор бордож буй нь өнөө жилийн мод тарих үйл ажиллагааны онцлог байв. Тодруулбал, нийслэлийн Байгаль орчны газар, БХБЯ-ныхан хамтран Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж, хар шороон хөрс болон байгалийн органик бордоо гарган авч байгаа билээ. Тус бордоо нь химийн нэмэлт бодисгүй бөгөөд эрдсээр баялаг. Ойн хөрсний үнэртэй, ашигтай амьд бактер агуулсан тул хөрсний амьсгалах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ ус хуримтлуулах чадварыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга "Төгөл байгуулж буй талбай өмнө нь хогийн цэг байсан юм. Өнгөрсөн жил бид төгөлд улиас тарьсан. Харин энэ жил хайлаас тарих юм. Хайлаас төгөл байгуулсан хэсгийн хөрсөнд тариалахад тохиромжтой мод" гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал "Орчны бохирдлыг бууруулах нэг том шийдэл нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. Мөн ойн бүсэд холбогдох дүрэм, стандартыг мөрдүүлэх шаардлага бий. Ойн бүс, усны ундарга орчимд ажиллаж, амьдарч буй иргэд бие засах газраа ч стандартын дагуу барьж байгуулах нь чухал. Цаашид ойжуулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тодорхой стандартыг мөрдүүлж ажиллана" гэлээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх