Мэргэжлийн хяналтын газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг дүгнэв

Мэргэжлийн хяналтын газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг дүгнэв

 Орхон аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Дүнгийн хурал Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд зохион байгуулагдаж, бүтцийн цех нэгжүүдийн удирдлага, ХАБЭА болон хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Нэгдсэн шалгалтыг МХГ-ын даргын баталсан удирдамж, Монгол Улсын Шадар сайдын баталсан 2019 оны улсын хэмжээнд хийгдэх хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 7-24-ний өдөр явуулсан байна. Шалгалтаар тус үйлдвэрийн 13 чиглэлийн үйл ажиллагаанд  улсын 15 байцаагч ажиллажээ.
   Энэ удаагийн шалгалтын дүнг өнгөрсөн оны дүнтэй харьцуулахад их эрсдэлтэй объектын тоо 50 хувиар буурчээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд хууль тогтоомжийн биелэлт сайн түвшинд байгааг харууллаа. Мөн өмнөх оны шалгалтын дүнгээр өгсөн даалгавар, албан шаардлага, актын биелэлт хангалттай түвшинд биелэгдсэн дүгнэлт гарсан гэж аймгийн МХГ-ын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч Д.Сүхбат онцлов.
   Хэдийгээр шалгалтын нэгдсэн дүгнэлтээр бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн ч зарим цех нэгж дээр тодорхой анхаарах зүйл илэрснийг улсын байцаагчид танилцуулав. Тухайлбал, шинэ барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгөх үйл ажиллагаатай холбоотой зөрчил багагүй гарчээ. Үүнтэй холбоотой зөвлөмж, анхааруулгыг дүнгийн хурлын үеэр холбогдох улсын байцаагчид өгсөн. Орхон аймгийн МХГ-аас нэгдсэн шалгалтын үеэр илэрсэн зөрчил дутагдлыг 8 дугаар сарын нэгний дотор арилгахыг үүрэг болголоо.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх