Н.Батсүмбэрэл: Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдагийг зогсоох ёстой

Н.Батсүмбэрэл: Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдагийг зогсоох ёстой

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт явуулах, тодорхой дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл ахлан, эдгээр өдрүүдэд төслийн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж байна. Ажлын хэсэг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл" болон  “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2”-ын үйл ажиллагааг шалгасан юм.

Шалгалтын явцад төслийн нэгжүүдээс нэлээд зөрчил илрэв. Тухайлбал, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийн нэгжийнхний ажлын байрны тодорхойлолт учир дутагдалтай байв. Төслийн зохицуулагчид нь өөр өөр чиглэлийн ажил хариуцаж буй ч ажлын байрны тодорхойлолт ижил, бичиг баримтын бүрдэл дутуу байсан юм. Мөн цагийн бүртгэл, гадуур ажлын гүйцэтгэлээ хөтөлдөггүй, үүнээс үүдээд цагийн бүртгэл, ажилчдын цалин зөрүүтэй зэрэг зөрчлүүд илэрсэн. Эдгээрээс гадна хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн нь зэргэлдээ айлын, ижил талбайтай газрыг чөлөөлөхдөө харьцангуй үнээр худалдан авсан явдал байв.

Харин “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2”-өөс нэлээд зөрчил илэрсэн юм. Төслийн нэгжийн ажилчдын бичиг баримт, тайлан, сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн материалын бүрдэл хангалтгүй, үүний улмаас төсөв, санхүүтэй холбоотой зөрчил илэрсэн нь наад захын дутагдал байв.

Тус нэгж нь 2012 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэх явцад санхүүжилтийн хэмнэлт гаргасан тул үргэлжлүүлж буй аж. Тодруулбал, төслийн анхны санхүүжилтийн нийт дүн 13.8 сая ам.доллар байснаас 12.7 сая ам.долларыг нь үйл ажиллагаанд зарцуулж, үлдэгдэл 900.000 ам.доллароор төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлж буй ажээ. Гэвч тухайн төслийн нэгжийн үйл ажиллагаа тодорхойгүй, хөрөнгөө үргүй зүйлд зарцуулсан гэдгийг холбогдох албаныхан хэлэв. Төслийн нэгж өөрсдийн хийсэн ажлаа 95 хувьтай хэмээн үзэж буй ч Ажлын хэсгийнхэн агаарын бохирдол буураагүй тул шүүмжлэлтэй хандсан. Мөн нийслэлийн зарим хэсэгт тохижилтын ажил хийхдээ аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй байв. Түүнчлэн агаар цэвэршүүлэх 1500 төхөөрөмж тараахдаа нэг бүрийг нь хэдэн төгрөгөөр худалдаж авсан, хаанаас нийлүүлсэн зэрэг бичиг баримт байсангүй.

Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл төслийн багийн үйл ажиллагааг шүүмжилж “Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг энэ мэт байдлыг зогсоох ёстой. Төслийн нэгжүүд анхан шатны бичиг баримтаа бүрдүүлээгүй байж болохгүй. “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2” л гэхэд өнгөрсөн жил зарцуулсан 678.000 ам.долларын ажлын гүйцэтгэлээ ч тайлагнаж чадахгүй байна. Агаар цэвэршүүлэх 1500 төхөөрөмжийг хаагуур тараасан нь тодорхойгүй байна. Ажилдаа ийм хариуцлагагүй хандаж байж сая саяар нь цалин авсан байгаа юм. Цаашид энэ мэт төслийн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж, хариуцлага тооцно” гэв.

Эх сурвалж: НИТХ

 

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх