АВРАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА Ч НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭЭР БАЙНА

АВРАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА Ч НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭЭР БАЙНА

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд 2019.02.28-ний 17.00 цагийн үед хөрсний нуранги үүсч зургаан ажилтан дарагдсан осол гарчээ. Уг нурангид нийт 6 ажилтан өртсөнөөс аврах ажлыг шуурхай зохион байгуулж 2 ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн.

Харин үлдсэн дөрвөн ажилтанг эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулахаар  Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр очсон.

“Эко Алтан Заамар” ХХК-ийн захирал н.Эрдэнэжаргал “Манай уурхайн ам нурж гэнэтийн осол болсон. Нуралт үүсэх үед зургаан ажилтан ажиллаж байсан. Хоёр ажилтныг эсэн мэнд гаргаж авсан. Үлдсэн дөрвөн хүнийг аврахаар ажиллаж байна” гэв.

Аврагчид уржигдар таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргасан бол өчигдөр 13.30 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргажээ.

Нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх