​П.Оюунтөгс: Материаллаг зүйлсээс өөрийгөө хамааралгүй болговол таны сэтгэл зүй ингэж өөрчлөгдөнө

​П.Оюунтөгс: Материаллаг зүйлсээс өөрийгөө хамааралгүй болговол таны сэтгэл зүй ингэж өөрчлөгдөнө

 

-Сүүлийн үед хүмүүс минималист хэв маягийн талаар их ярих боллоо. Минимализм гэж юу вэ гэдгээс эхэлье?

-Ихэнх бүсгүйчүүдийн хувьд шүүгээ дүүрэн хувцастай хэрнээ өмсөх хувцас байхгүй гэх асуудал байдгийг бид мэднэ. Тэгэхээр энэ асуудлын гол шалтгаан нь ердөө замбараагүй худалдан авалт, төлөвлөгөөгүй байдал, мөн хэтэрхий их хувцас байгаа учраас эргэлзээ үүсч, төөрөгдөлд орж байна. Гэвч бид худалдан авалт хийхдээ тухайн хувцсыг өмсөхгүй гэж огт авдаггүй, надад хэрэг болно, магадгүй хэзээ нэгэн цагт өмсөнө эсвэл энэ эмэгтэй хүн бүрт заавал байх хэрэгтэй гэсэн бодлоор авчихдаг. Тэгээд огт хэрэглэгддэггүй.

Бид зөвхөн хувцас бус, маш олон зүйлс дээр ингэж ханддаг. Тиймээс яг энэ зарчмын дагуу нэг л мэдэхэд бидний эргэн тойронд маш их эд юмс хуримтлагдсан байна. Нэгэнтээ минийх болчихсон эд зүйлсийг бид хадгалах, арчлах, халамжлах хэрэг гардаг. Үүнд маш их цаг хугацаа, мөнгө, анхаарал шаардагддаг. Тиймээс бид найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх цагийг эсвэл уншиж, бичиж, өөрийгөө хөгжүүлэх цагийг хувцсаа угааж, гэрээ цэвэрлэж өнгөрүүлдэг нь өдөр тутмын стресс, цаашлаад долоо хоног бүрийн тогтсон хэв маяг, уйтгартай өдрүүдийг бий болгоод байгаа хэрэг.

Харин энэ асуудлыг шийдэх хамгийн энгийн арга нь өнөөх хэрэглэдэггүй эд зүйлсээ эмхэлж цэгцэлж, чадвал бүр мөсөн өөрөөсөө холдуулж, эд материалын хамаарлаас гарах юм.

Эдгээрийг товчлоод хэлбэл минимализм нь хүн өөрийнхөө цаг хугацааг өөртөө зарцуулж, амар тайван орчин, орон зайг бий болгож, цаг хугацааг илүү үнэ цэнэтэй, чухал зүйлст зарцуулах тухай юм болов уу. Улмаар энэ үзэл санааг дэмжиж, өөртөө хэрэгжүүлж буй хүмүүсийг өдгөө минималист хүмүүс гэж нэрлэж байна.

-Минималист хэв маяг гэж юу болох талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Дээр хэлсэн ойлголтыг бүх зүйл дээр шингээж, хувцаслалт, тавилга, эд хэрэгсэл гэх мэт эд зүйлс дээр цөөн тоог баримталбал, энгийн байдлыг эрхэмлэх минималист хэв маяг гэж ойлгож болно. Ялангуяа хувцаслалтын хувьд миний хүргэхийг хүсдэг гол санаа бол бид заавал маш олон хувцастай байх шаардлагагүй, цөөн тооны хоорондоо хосолж чаддаг хувцаснуудаар л шүүгээгээ бүрдүүлэх тухай юм. Гэвч хоорондоо хосолдог хувцас гэж яг ямар хувцсыг хэлэх юм бэ гэсэн асуулт үүсдэг. Тухайлбал, цулгуй, энгийн жинсэн өмдийг бид өдөр тутамд ч, чөлөөт үед ч, цаашлаад ажилдаа ч гэсэн сорочиктой хослуулаад өмсчих боломжтой байдаг бол цайралттай эсвэл цоолж, хэв маяг оруулсан жинсэн өмдийг  магадгүй подволк, чөлөөт цамцнаас цааш хослол үүсэхэд төвөгтэй болж эхэлдэг. Тэгэхээр энгийн загвартай хувцаснууд нь олон төрлөөр өмсөгддөг гэсэн санаа юм. Яг үүнтэй ижил бид бусад зүйлсийг ч энгийн загвартайгаар сонгож байх нь энэ хэв маягийн эхний алхам болж ирдэг.  

-Хувь хүн минималист болсноор хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ. Ер нь аливаа зүйлийг ганган чамин байлгах гэж хичээхээс илүү энгийн, хялбар зүйлийг сонирхдог болно гэж ойлгож болох уу?

-Ярилцлагын эхлэл хэсэгт дурдсан шиг бид эд материалын хамаарлаас салаад ирэхээр бидний цаг зав, сэтгэл санааны байдал өөрчлөгдөж эхэлдэг. Мэдээж амралтын хоёр хоногийг гэртээ тун “завгүй” өнгөрүүлдэг байсан хүний хувьд бол завтай болж, гадуур гарах, кино, жүжиг үзэх эсвэл ямар нэг хувь хүний хөгжлийн сургалтад суух ч юм уу, наанадаж өөрийнхөө цагийг өөртөө болон дотнын хүмүүстээ хүссэнээрээ зарцуулах боломжтой болно. Цаашлаад бодох, бясалгах, удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзах эсвэл аяллаар явах гэх мэт шинэ мэдрэмжийг ч эрэлхийлж болно. Тэгэхээр минималист амьдралын хэв маяг танд амар тайван байдал, цаг хугацаа, орон зайг өгч байгаа тул хүн хүсэж байгаа зүйлсээ хийх эрх чөлөөтэй болж болно гэсэн үг юм.  

-Минималист хүн стрессгүй, сэтгэл хангалуун амьдарч чаддаг гэсэн яриа байдаг. Энэ нь олон зүйлд бус тодорхой зүйлд анхаарал хандуулдаг болж, улмаар хувь хүнд хүссэнээрээ байх цаг гардагтай холбоотой юу?

-Хамгийн энгийн жишээнээс эхлэхэд өглөө бүр юу өмсөх вэ гэсэн энэ төвөгтэй асуулт үгүй болж эхэлдэг. Энгийн загвартай учир хоорондоо хосолчихдог цөөхөн хэдхэн хувцастай болоод эхлэхээр эргэлзэх ямар ч шаардлагагүй болж эхэлдэг. Энэ бас л бидний стрессээс жижигхэн хэсгийг ч болов үгүй хийнэ. Улмаар цөөн тоог баримтлаад эхлэхээр хямдрал, шинэ загвар эсвэл зүгээр л авмаар санагдаад авчихдаг байдлаа хүртэл хянаж эхэлдэг. Цаашлаад бид өөрийн эд зүйлсийнхээ үнэ цэнийг мэдэрч, хайрлаж эхэлнэ. Тухайлбал, та магадгүй “цайны ганц” л пальтотойгоо хаваржина гэж шийдвэл мэдээж байнга арчилж тордох, урчихвий, гэмтээчихвий гэж хайрлах гэх мэтээр эд зүйлсээ нандигнаж эхэлнэ гэсэн үг. Үүнээс үүдээд тэрхүү нандин зүйлдээ сэтгэл ханаж, энэ нь яваандаа байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байж сурахын нэг эхлэл нь болох болов уу.

-Хэн нэгэн минималист болохын тулд яах ёстой вэ. Юунаас эхлэх вэ?

-Эхний алхам бол хүн өөрийн бодит хэрэгцээгээ тодорхойлох явдал гэж би боддог. Ихэнхи жишээг хувцсан дээр ярьсан учир энэ сэдэв дээр үргэлжлүүлэн тайлбарлахад “Би үнэхээр өдөр бүр пиджак өмсдөг үү. Эсвэл сард нэг удаа, бүр тэрнээс ч хол зайтай байж болох юм. Тэгвэл надад арван төрөл байх хэрэгтэй юу” хэмээх өөрийн амьдралын хэв маягтаа тохируулсан бодит хэрэгцээг тодорхойлох нь чухал байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж хадгалдаг зүйлс маш их байдаг. Гэвч бодит байдал дээр хэзээ ч хэрэглэгддэггүй. Ихэнх бүсгүйчүүд хэрэг болж юуны магад гээд цүнхэндээ маш их зүйл хийгээд гардаг. Өдөржин хүнд цүнх үүрч явсан ч ихэнх нь тухайн өдрөө хэрэг болоогүй л байдаг. Энэ зарчим бүх зүйл дээр ижил. Таны хувцасны шүүгээнд ч, ажлын ширээнд, орон гэрт ч тэр. Тэгэхээр өөрийнхөө амьдралын хэв маягт тохирсон, өдөр тутамд л хэрэглэгддэг эд зүйлсийг хамгийн эхэнд ялган авч үлдэх нь чухал. Дараагаар нь хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх зүйлсийг далд хийгээд орхих нь зүйтэй. Гэвч нэг зүйлийг баттай хэлэхэд хэзээ нэгэн цаг гэдэг цаг хугацааны тодорхойлолт үгүй. Тиймээс хэзээ ч хэрэглэгдэхгүйтэй бараг ижил гэсэн үг.

-Хүн бүр минималист болох боломжтой юу?

-Хэрэв хүсвэл хэн ч боломжтой. Гэвч нэг асуудал байдаг. Зарим хүмүүсийн хувьд илүү ганган чамин хийц таалагддаг бол зарим хүний хувьд энгийн, цэвэрхэн хийц нүдэнд нь тусдаг. Тэгэхээр энгийн загварын тухайд зөрчил үүсэх нь бий. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн гоо зүйн мэдрэмж, таашаал харилцан адилгүй байдагтай холбоотой. Гэвч чамин ганганд дурладаг боловч цөөхөн ширхэгээр байлгаж болохгүй юу гэсэн асуулт үүснэ. Мэдээж болно. Харин онцгой зүйлс хүний нүдэнд хоногшихдоо амархан байдаг тул нэг талаасаа та бусдад үнэхээр л “үүнээс өөр зүйлгүй” мэт харагдаж эхэлдэг. Нөгөө талаас дээр дурдсанчлан ялангуяа хувцасны хувьд эдгээр чамин дэгжин зүйлс маань өөрийн хослох зүйлсээ “нэхээд” эхэлдэг. Тиймээс л бүх зүйл эргээд анхны байрандаа оччихоод байдаг гэсэн санаа юм.

Миний лекцүүдэд заримдаа энэ төрлийн асуултууд орж ирдэг. Цөөхөн хувцастай байхаар уйдахгүй юу, минималист хэв маягийг та яагаад сонгож байгаа вэ гэсэн эхний асуулт дээр дахиад л ирнэ. Мэдээж бид хувцаснаасаа уйдах, уйдахгүйн тухайд бус, өөрийгөө материаллаг эд зүйлсийн хамаарлаас салгахын тулд энэ замыг сонгож байгаа бол энэ асуулт чухал биш болдог.

Тиймээс энэ хэв маягийн тухайд зөвхөн хувь хүний сонголт л нөлөөлөх юм шиг санагддаг.

-Минималист хэв маягийн үндсэн зарчим нь юу юм бэ?

-Эхлээд өөрийнхөө, цаашлаад олон ч бүсгүйчүүдийн шүүгээтэй “ажилласны” хувьд хэрэв эмх цэгцтэй, сртессгүй, амар хялбар, энгийн байдлыг хүсэж байгаа бол цөөн бөгөөд энгийн гэсэн хоёрхон зарчим л бие биедээ хамгийн сайн уусдаг гэж хэлмээр байна. Зөвхөн тоо ширхгийн тухайд ч бус, цөөн өнгөний хослол, цөөхөн деталь, цөөхөн үйлдэл гэх мэтээр ярьж болно. Цөөн үйлдэл гэснийг тодруулаад ярихад зөвхөн хувцас ч бус, гоо сайхны бүтээгдэхүүн гэхэд л сүүлийн үед 3 in One буюу гурван үйлдлийг ганц бүтээгдэхүүнд шингээсэн, цаашлаад гар утасны кэйс гэхэд карт хийх халаастай болсон гэдэг ч юм уу. Ерөнхийдөө яаж хялбарчилж, яаж нэгтгэж болох вэ гэдэг дээр анхаарахад илүүдэхгүй. Дараа нь мэдээж энгийн загвар.

-Маш олон хувцас, эд хэрэглэлтэй бүсгүйчүүд яаж хувцсаа багасгаж, цэгцэнд оруулж эхлэх үү. Магадгүй харамсах сэтгэгдэл төрөх байх. Тэдэнд туслах зөвлөгөө өгөхгүй юү?

-Мэдээж бидний эзэмшилд байдаг эд зүйлс гэвэл ширээ, сандлаас илүү маш олон тоо ширхгээр байдаг зүйл нь гарцаагүй хувцас. Үүнийг л хамгийн эхэнд ялгаж, цэгцлэхэд бидэнд маш том үр дүнг мэдрүүлэх алхам болдог.

Хувцасны хувьд бидэнд “толгой дох шүүгээнээсээ” хувцаслах тохиолдол их бий. Өөрөөр хэлбэл, бүх хувцсаа нэг дор гаргаж харалгүйгээр хамгийн ойр санагдаж байгаа хэдийгээ л байнга авч өмсөөд байдаг тухай юм. Тэгэхээр шүүгээгээ цэгцлэх гэж байгаа бол хамгийн эхэнд бүгдийг нэг дор гаргаж харах нь чухал. Бүгдийг гаргаж, хоорондоо хослох өнгөнүүдийг, цаашлаад өөртөө байдгийг ч бараг мартсан зүйлсээ олж хардаг. Харин дараа нь яг өдөр тутамдаа өмсөнө гэсэн зүйлсээ л авч үлдэх, мөн өөрийн амьдралын хэв маягтаа тохирсон ангилал үүсгэх хэрэгтэй байдаг. Тухайлбал, ажил хэрэгч, чөлөөт, гоёлын, амралт зугаалга гэх мэт. Ингэж төрөлжүүлэх нь таны аль төрөлд юу дутагдаад байгааг олж харахад тустай. Эндээс бодит шоппинг лист гарч ирдэг. Улмаар төрөлжүүлсэн хувцаснуудаараа хослолууд үүсгэж хураах гэсэн дараалалтайгаар үргэлжлүүлбэл эхний ээлжийн эмх цэгц, мөн бодит хэрэгцээтэй байгаа зүйлсийн жагсаалт гарч ирэх юм. Ташрамд дуулгахад www.oyuwore.com блог дээрээ маш дэлгэрэнгүй мэдээллийг оруулсаар байгаа учир энэ удаад товчхон дурдлаа. 

-Хамгийн сүүлд нь уншигчдадаа, минималист болохыг зорьж байгаа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

-Юуны түрүүнд сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг зөвлөмөөр байна. Учир нь ялгаад хаячихсан зүйлээ дараад нь үгүйлэх эсвэл дээр дурдсанчлан уйтгартай санагдах гэх мэт ямар ч төрлийн асуудал үүсэж болохыг үгүйсгэхгүй. Гэвч үнэхээр л таны амьдралд энэ их эд зүйлс тань төвөг учруулж, бухимдал төрүүлж байгаа бол, мөн таны амьдралд шинэ мэдрэмж, адал явдал хэрэгтэй байгаа бол минималист хэв маяг танд тусална гэдэгт итгэлтэй байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх