Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Ардын Уран Зохиолч, Хөдөлмөрийн Баатар, зохиолч Бөхийн Бааст гуай 2019 оны 01-р сарын 16-нд 98 насандаа таалал төгслөө.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Төрийн тэргүүнээс төрийн өндөр дээд шагнал авахдаа: “100 насныхаа босгон дээр төр түмний хишиг хүртэж, өндөр шагнал авсандаа баярлаж байна. Би монгол төрдөө 86 жил тасралтгүй ажилласан хүн. Нас дээр гарсан ч гэсэн хоёр таягтай хэвээрээ байгаа. Миний хоёр таяг гэдэг бичих, унших хоёр. Ард түмэндээ хэрэгтэй зүйл хийхийн тулд зүтгэнэ. Ард түмэндээ баярлалаа, бүгдээрээ 100 наслаарай. 100 насалж болно шүү, гайгүй юм байна” хэмээн баярын сэтгэгдлээ илэрхийлж байв.
Түүний намтарыг товчлон өгүүлбэл:
Тэрбээр 1921 оны намар цаг дор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төржээ. Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль, Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль / 1964/-ийг төгссөн.
МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн. 1936 оноос уран бүтээлээ эхэлж, "Толбо нуур" зохиол нь 1947 онд хэвлэгджээ. Хүүхдийн уран зохиолын "Гурван ишиг" / 1957/, "Хөөрхөн Баадий" /1959/, "Бушуу туулай" /1967/, үгүүллэг, туужийн "Алтайн цэцэг" /1965/, "Хунгийн дууль" /1970/, "Хөвчийн бор" /1977/ зэрэг 60 гаруй түүвэр, хэд хэдэн роман бичсэнээс гадна "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхтгэн редакторласан аж.
"Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа МЗЭ-ийн нэрэмжит шагнал /1966/, "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ тус тус хүртжээ. Түүний Монголын оюуны салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" /1999/, Монгол улсын "Ардын уран зохиолч" /2006/ хэмээх эрхэм дээд цолыг олгосон байна.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олгосон юм.
Түүнийг ахмад зохиолчид монголын утга зохиолын хоёр зууны нэвтэрхий толь гэж нэрлэдэг. 1930-аад оноос бүтээлээ туурвиж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байсан нэгэн юм.
Монголчуудын соён гэгээрлийн замналд оюун санааны тод мөр, түүх үлдээсэн түүний бүтээл бүхэн цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэтэй байх болно. Гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
Нийт 0