ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ИХ ЗОГСОЛТ” ХИЙХ БЭЛТГЭЛЭЭ ӨНДӨР ТҮВШИНД ХАНГАСНЫГ ОНЦЛОВ

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ИХ ЗОГСОЛТ” ХИЙХ БЭЛТГЭЛЭЭ ӨНДӨР ТҮВШИНД ХАНГАСНЫГ ОНЦЛОВ

Эрдэнэт үйлдвэр жил бүр нөөцгүй техник тоног төхөөрөмждөө зуны дулаан цагт иж бүрэн  засвар үйлчилгээ хийж, бүтэн жилийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Их зогсолт” хийдэг. Энэ жилийн  “Их зогсолт”-ыг энэ сарын 22-оос 24-ний хооронд 48 цагийн хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар,  бэлтгэл ажил өндөр түвшинд хангагдаж буйг “Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлын хэсгийн штаб өнөөдрийн сүүлийн хуралдаанаараа дүгнэлээ. Штабын сүүлийн хуралдаанд холбогдох цех нэгжүүд мэдээлэл хийж, ажиллах хүч болон шаардлагатай сэлбэг тоног төхөөрөмжийн хангалт хүндрэлгүй байгааг онцлов. Ойрын хугацаанд  зарим нэр төрлийн  сэлбэг материал нийлүүлэгдсэнээр хангамжтай холбоотой ажил дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэл ажилд үйлдвэрийн Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэс санаачилгатай, шуурхай ажиллаж, “Их зогсолт”-ыг ямар нэг хүндрэл бэрхшээлгүй хийх боломжийг бүрдүүлсэн байна.

Жил бүр “Их зогсолт”-ын ажилд сэлбэг материалын хангамж, нийлүүлэлт чухал асуудал болсоор ирсэн. Тэгвэл энэ удаа дээрх чиглэлийн бэлтгэл ажил 100 хувь  биелж байгааг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг ярилаа. Одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалах хэрэгслээр хангах, ажлын байрны хэмжилт зэрэг ажлууд хийгдэж байгаа аж.        

“Их зогсолт”-ын ажилд Баяжуулах үйлдвэр, Цахилгааны цех, Дулааны цахилгаан станц, Ус хангамжийн цех, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехүүд голлох үүрэгтэй оролцдог бол Засвар механикийн завод, Барилга засварын цех, Барилга угсралтын цехүүд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Эдгээр цех нэгжүүд өөрсдийн чиг үүргийн дагуу бэлтгэл ажлаа бүрэн хангаж, хүн хүч, техник төхөөрөмжөө хуваарилан их засвар эхлэхэд бэлэн болжээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх