Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хамтарсан тушаалаар аялал жуулчлалын гол чиглэл дагуу үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгүүдийг байгуулахаар ажлын хэсэг байгуулагдан, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгарууллаа. Аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулахад ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ажлын хэсгийн ахлагч Ё.Жаргалсайхан, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал А.Глымхан, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, албаны болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.
Тус түр буудаллах цэгийг 200-250км тутамд нийт 35 байршилд байгуулах бөгөөд, аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг зарласнаас эхний 4 байршилд Архангай аймгийн Цэнхэр сум “Заяын өгөөж” ХХК, Увс аймгийн Зүүнхангай сум: “Драгон” холдинг, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум “Исун мод тур” ХХК, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум “Баян дойт” ХХК тус тус шалгарч МҮХАҮТ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр болов.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулагдах түр буудаллах цэгүүд нь авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, ресторан, зочид буудлын үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, худалдаатай байхаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй байх юм. Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцсэн, стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолборууд аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу шинээр байгуулагдсанаар гадаад, дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой.
Нийт 0