“ХҮННҮ ЭЙР” ХХК УЛААНБААТАР – АЛМА-АТА – УЛААНБААТАР ЧИГЛЭЛД АНХНЫ ХУВААРЬТ НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ҮЙЛДЛЭЭ

“ХҮННҮ ЭЙР” ХХК УЛААНБААТАР – АЛМА-АТА – УЛААНБААТАР ЧИГЛЭЛД АНХНЫ ХУВААРЬТ НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ҮЙЛДЛЭЭ

“Хүннү Эйр” ХХК Бүгд найрамдах Казакстан улсын Алма-Ата хот руу анхны хуваарьт нислэгээ өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр амжилттай үйлдэж, Улаанбаатар - Алма-Ата – Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгийн нээлт боллоо.

Нээлтэд Бүгд найрамдах Казакстан улсын Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн хорооны дарга Ластаев Талгат Тлеубекович,  Монгол Улсаас Бүгд найрамдах Казакстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, “Хүннү Эйр” ХХК-ийн захирал П.Мөнхжаргал, Казакстаны Нисэхийн бизнесийн хөгжлийн газрын захирал Кусаев Абдул Ханимович, “Алматы” нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны хөгжлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ягиз Улас Забун, Санхүү хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Умут Эрзевахир, “SCAT Airlines” ХК-ийн дэд ерөнхийлөгч Сытник Владимир Андреевич нар оролцлоо.

“Хүннү Эйр” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны долдугаар сарын 25-ны өдрийн 252 тоот тушаалаар Улаанбаатар хотоос Бүгд найрамдах Казакстан улсын Алма-Ата хот руу, 2020 оны долдугаар сарын 01-ний өдрийн А/124 тоот тушаалаар Нурсултан хот руу тус тус нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилгоо авсан. Бүгд найрамдах Казакстан улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө мөн зохих журмын дагуу авч, уг чиглэлийн нислэгийг эхлүүлэх бэлтгэлээ бүрэн хангаад байсан ч дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын улмаас түр хойшлогдоод байсан юм. Ингээд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А/56 тоот тушаалаар Улаанбаатар-Ховд-Алма-Ата, Улаанбаатар-Ховд-Нурсултан чиглэлд хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр “Хүннү Эйр” ХХК дахин томилогдож, өчигдөр ийнхүү анхны нислэгээ амжилттай үйлдлээ.

Уулзалтын үеэр хоёр орны агаарын тээврийн салбарын цаашдын хамтын ажиллагааг  өргөжүүлж, нислэгээ тогтмолжуулах талаар ярилцаж, санал солилцлоо. Монгол Улс, Бүгд найрамдах Казакстан улс хоорондын хуваарьт нислэг эргэн сэргэснээр хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, соёл боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа өргөжих, Монгол Улсын баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, цаашид хоёр орны зорчигч урсгал нэмэгдэх чухал ач холбогдолтой гэдгийг хоёр талын төлөөлөгчид уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Нурсултан чиглэлийн нислэгийг ойрын хугацаанд эхлүүлэх болон  нислэгийн давтамжаа нэмэгдүүлэх боломжийг харилцан судлахаар тогтлоо.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх