Зам, Тээврийн Хөгжлийн Яамны Иргэний Нисэхийн Бодлогын Хэрэгжилтийн Зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир болон бусад албаны хүмүүс “Чингис Хаан” Олон Улсын Нисэх буудлын олон улсын нислэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “Turkish Airlines” компанийн нислэгийн зорчигч урсгалын явц болон ачаа тээврийн үйл ажиллагаанд гарч буй хүндрэл, түүнийг хэрхэн багасгах, цар тахлын улмаас зорчигчдоос авч буй гаалийн хорио цээрийн асуумж, түүнд зарцуулагдаж буй хугацаа, хилийн хяналт шалгалт, хүн хүчний нөөц зэрэг асуудлуудаар ярилцаж, санал солилцсон юм. Уулзалтад “Чингис хаан” ОУНБ-ын менежментийг хариуцсан Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл ЭЙрпорт” ХХК /НУБИЭ/-ийн гүйцэтгэх захирал Като Такэо болон тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Лхагвадорж, “Чингис хаан” ОУНБ-ын дахь Гаалийн газрын дарга Г.Баасандорж зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Цар тахлын улмаас Олон улсын нислэг бүрт эрүүл мэндийн асуумж бөглөж байгаа. УОК-ын 2021 оны 58-р тушаалын дагуу халдварын тандалт, үнэлгээг эрүүл мэндийн хуудсаар хийж, тусгаарлах шаардлагатай зорчигчдыг тодорхойлж байна. Мөн “Turkish Airlines” агаарын хөлгийн тээшний хэмжээ бусад нислэгтэй харьцуулахад 2 дахин их бөгөөд 40 хувь нь гаалийн татвар ноогдох бараатай тээш байдаг. Тус нислэгийн карго хэсгийн хаалга хөлдсөн буудаг. Ялангуяа Истанбулд бороотой үе таарвал эдгээр хаалга битүү хөлдсөн байдаг учир онгоц бууснаас хойш халаагч төхөөрөмж ашиглан онгойлгодог. Энэ нь зорчигчдыг хүлээлгэх, бөөгнөрөл үүсэх шалтгаан болдог. Мөн Турк, Хонгконг чиглэлийн нислэгүүдийг эрсдэлтэйд тооцон, хяналт шалгалтыг илүү нарийн гүйцэтгэх зорилгоор тээшний танхимд ялгалт хийж, зорчигчдын бие болон гар цүнхэнд шалгалт хийдэг. Мөн татвар ноогдуулах тээшнүүдэд гаалийн бүрдүүлэлт хийж байгаа. Нисэх буудлын зүгээс Гаалийн хяналт, шалгалтын ажиллагааны хурдыг нэмэгдүүлэх, бөөгнөрлийг бууруулах зорилгоор нэмэлт рентген төхөөрөмж байршуулан, ашиглуулж байна.
Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас агаарын тээврийн урсгал харьцангуй багассан. Үүнээс гадна Замын-Үүд боомт хаагдсанаас үүдэн шинэ жил, сар шинийн баярын өмнө тус чиглэлийн нислэгээр ирэх ачаа тээвэр эрс нэмэгдсэн. Мөн ачаа тээвэртэй холбоотой хүндрэлүүд тулгарсан. Гэхдээ баяраас хойш буусан нислэгүүдэд ачаа тээшийн хэмжээ хэвийн байсан учир ямар нэгэн хүндрэл гараагүй үйл ажиллагаа хэвийн болсон гэдгийг нисэх буудал хариуцсан албаныхан хэллээ.
Уулзалтын төгсгөлд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан: “Олон Улсын нислэг үйлдэж байгаа тохиолдолд гарч байгаа аливаа хүндрэл бэрхшээлийг нисэх буудал өөрөө өөртөө шингээж, аль болох зорчигчдод тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай үйлчлэх бүх зохицуулалтыг хийх ёстой. “Turkish airlines”-ийн ачаа тээшний хэсгийн хаалга хөлдсөн тохиолдолд нэмэлт халаагч ашиглах, зориулалтын шингэнийг хэрэглэх зэрэг шаардлагатай арга хэмжээг шуурхай авах, зорчигчдын асуумж бөглөх хэсгийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх, мөн тус нислэгээр ирж буй ачаа энгийн болон хэт их хэмжээний ачаанууд ялгах тэмдэг, тэмдэглэгээгүй ирж байна. Энэ нь ирсэн хойноо ачаа ялгах хэсэгт хүндрэл учруулж байна. Тиймээс олон улсын дүрэм журмын дагуу ачаа бүр дээр ялгац тэмдэгтэй ирүүлэх хэрэгтэй. Монгол улсад ганц байгаа агаарын хилийн боомт, шинэ гэсэн тодотголтой, японы гэсэн тодотголтой ганц нисэх буудал ийм байдалтай, иргэдэд бухимдал, чирэгдэл учруулж болохгүй. Үүсээд байгаа нөхцөл байдлыг бид богино хугацаанд шийдэх хэрэгтэй. Энэ бол бидний үүрэг. Аливаа улс орны нисэх буудлууд нислэг үйлдэж буй авиа компаниуддаа зориулж өөрсдийн дүрмийн дагуу шаардлага тавьж, үйл ажиллагаагаа явуулдаг. “Чингис хаан” ОУНБ-ын хувьд ч мөн адил гадна дотны авиа компаниудад өөрсдийн шаардлагыг тавих бүрэн эрхтэй. Тиймээс цаашид иргэд, зорчигчидод ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шатан шатандаа тохирсон дүрмийн зохицуулалт хийх хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ.
Нийт 0