АРАВДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХҮЙТЭН БАЙНА

АРАВДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХҮЙТЭН БАЙНА

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ.

Урьдчилсан төлвөөр, ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

 

Тиймээс Иргэний нисэхийн ерөнхий газрын Гамшгаас хамгаалах штаб, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгээс өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг харьяа төв, алба, салбар нэгжүүдэд анхаарууллаа.

Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн, олон жилийн дунджаас ахиу цастай байхаар байна. Тодруулбал, сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, дунд үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цасан шуургатай байх урьдчилсан төлөв гарчээ.

Цаг агаарын төлөвийг бүсчилвэл:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Мөн сарын эхэн, дунд, болон сүүлчээр агаарын темпаратур 3-5 градусаар сэрүүснэ. Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/секунд хүрэх бол түр зуур 16-18 м/секунд хүрч болзошгүй.

ТӨВИЙН АЙМГИЙН НУТГУУДААР: Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудын нутаг, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв аймгуудын баруун хойд хэсгээр дулаан байх төлөв ажиглагджээ. Сарын эхний арав хоногийн дунд үе болон сүүлчээр өнгөрсөн жилийнхээс 4-6 градусаар хүйтэрч, ихэнх нутгаар цастай. Салхи зарим газраар 12-16 м/секунд хүчр ширүүсч болзошгүй.

Мөн адил ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР 3-5 градус хүйтэрч, ихэнх нутгаар цастай. Сарын сүүлчээр ихэнх нутгаар дулаарах төлөвтэй.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно. Сарын дунд үе болон сүүлчээр өнгөрсөн жилээс 4-6 градусаар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх