Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд нийгмийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн түүхэн замнал, үе үеийн шилдэг тэргүүний ажилтнууд, хамт олны түүх, үйлдвэрлэлийн техник технологи, хамтын ажиллагаа, ололт амжилт, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүх, уламжлалыг харуулсан орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл, залуу хойч үе, хүүхэд багачуудад танин мэдэхүйн чухал ач холбогдол бүхий хариуцлагатай уул уурхайн жишиг музейн төсөл юм. Тус музейн нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ажлын багийн гишүүд оролцлоо. Монгол Улсын уул уурхайн салбарын бүхий л цаг үеийн хөгжил дэвшлийг түүхэн баримт, гэрэл зургаар баяжуулан үзүүлсэн тус музейн нээлтийн ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нар үг хэлж, Засгийн газар болон үйлдвэрийн удирдлагууд тууз хайчлав. Нээлтийн ёслолд оролцсон зочид төлөөлөгчид тус музейг үзэж сонирхон, Эрдэнэтийн уурхайчдын түүхэн жимээр хэсэг хугацаанд аялж, хүндэтгэлийн дурсгалын дэвтэрт сэтгэлийн үгээ бичиж мөнхөллөө.
Музейн нээлтийн дараа Засгийн газар, ТӨБЗГ-ын төлөөлөгчид, Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын чиглэлээр бүтээн босгож байгаа томоохон төсөл болох “Уурхайчин” орон сууцны цогцолбор хорооллын ажлын явц, байдалтай газар дээр нь танилцав. Өнөөдрийн байдлаар, “Уурхайчин-1” хорооллын эхний ээлж ашиглалтад орсон бол “Уурхайчин 2, 3” орон сууц төлөвлөлтийн дагуу баригдаж байна.
Нийт 0