“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн санаачилгаар ОХУ-д Засгийн газрын тэтгэлэгээр суралцах сонгон шалгаруулалт зохиогдож, эрхийн бичгийн эздийг тодрууллаа. Сонгон шалгаруулалтыг Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар, Монгол-Оросын Найрамдлын нийгэмлэг хамтран, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол-Оросын найрамдлын сарын 61 дэх жилийн өдрүүд болон Оросын Шинжлэх Ухаан Соёлын төвийн 45 жилийн ойд зориулан зохион байгуулсан байна. Хоёр шат бүхий шалгаруулалтад Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиадын 12-р ангийн 18 сурагч оролцож, шилдэг дөрвөн суралцагчийг 2022-2023 оны хичээлийн жилээс ОХУ-д хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичгээр шагнаж, урамшууллаа. Сонгон шалгаруулалтын тэргүүн байрыг Билигт-Өргөө сургуулийн 12а ангийн сурагч Х.Энгүүн хамгийн өндөр оноогоор эзэлсэн бол Эрдмийн сан сургуулийн сурагч Б.Эрдэнэсувд, Баян-Өндөр цогцолборын сурагч Б.Агиймаа, Баян-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Т.Аянуур нар шилдэг дөрөвт жагсжээ.
Мөн нийслэл хотноо болсон Оросын боловсролын стандартаар сургалтын үйл ажиллагаа явуулж буй Орос болон Орос-Монголын хамтарсан сургуулиудын төгсөх ангийн сурагчдын сонгон шалгаруулалтад тэргүүн байр эзэлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх 19-р сургуулийн сурагч А.Анужин, У.Номин нар Засгийн газрын тэтгэлэгээр суралцах эрхийн бичиг гардан авлаа. Энэ үеэр “ Манай хоёр ард түмний найрамдлын билэгдэл болсон Эрдэнэт хотын хүүхдүүдийн орос хэлний түвшин үнэмлэхүйц өндөр байгааг сайшаамаар байна “гэж ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх, ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь ОШУСТ-ийн захирал Амгалан Ринчинович Базархандаев онцлон хэлсэн юм. Түүнчлэн орос хэлний боловсролыг бүс нутагтаа 45 жилийн туршид түгээн дэлгэрүүлж, хадгалан үлдээж буй Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос-Монголын хамтарсан 19 дүгээр сургуулийн удирдлага, Найрамдлын нийгэмлэгийн хамт олны үйл ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс өндрөөр үнэллээ.
Нийт 0