ТӨР ЮУТАЙГАА ҮЛДЭХ ВЭ?

ТӨР ЮУТАЙГАА ҮЛДЭХ ВЭ?

ЭЗЭНГҮЙ ӨМЧҮҮД ЭЗЭНТЭЙ БОЛСОН НЬ
“ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР” нь анх 1996 онд Засгийн газрын үндсэн бүтцэд ордог, хэрэгжүүлэгч агентлаг статустай, Төрийн өмчийн хороо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш манай улс гадаад болон дотооддоо, хөдөө орон нутагт хаана, хаана ямар өмчтэй болохоо мэддэггүй байсан гэхэд болно. Төрийн өмчийн хороо байгуулагдсан даруйдаа Монгол төр анх удаа өмчөө тоолж бүртгэсэн юм. Төрийн бүх өмчийг хянах, захиран зарцуулах, төрийн өмчит байгууллагуудын албан тушаалтнуудыг чөлөөлөх томилдог байсан тэр цаг үедээ тус байгууллага хамгийн хүчтэй байв. Анхных нь дарга Зандаахүүгийн Энхболд Эрдэнэт үйлдвэр дээр очиж Ш.Отгонбилэг даргыг ажлаас нь чөлөөлөөд: “ТӨР ӨМЧӨӨ МЭДДЭГ ЮМ” хэмээн тухайн үед нийгмийн трэнд болж байсныг уншигч та мартаагүй байх.

Төр өмчтэй юм бол түүндээ эзэн шиг, эзэн нь байх ёстой. Ийнхүү эзэнгүй өмчүүд эзэнтэй болсон түүхтэй.

УЛС ТӨРЧИД ЯАГААД ЗУУЖ ЭХЛЭВ
Засаг төр өөрчлөгдөн байгуулагдах бүрт эрх мэдэлтнүүд хамгийн эхэнд төрийн өмчийн үйлдвэрийн газруудыг онилдог. Тэнд очсон эрх мэдэлтнүүд төрийн өмчит байгууллагуудын эд хөрөнгийг үнэгүйдүүлэхээс эхлээд төсвийн үр ашиггүй зарцуулалт гаргах нь элбэг. Тэр бүрт төрийг төлөөлж хянадаг төрийн захиргааны байгууллага нь “ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО” байв. Эрх мэдэлтнүүдийн хамгийн дургүй зүйл бол хяналт. Дээр нь хяналт байдаг болохоор улс төрчид үргэлж дээшээ ахихын төлөө тэмцэлддэг юм. Тэр үеэс л улс төрчдийн уурыг хүргэж зуулгаж эхэлсэн юм. 2008 оноос эхэлж “ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО” түүхэн үүргээ гүйцэтгэсэн, одоо байх шаардлага байна уу... гэх агуулгатай үгнүүд парламентын танхимд түшээдийн амнаас удаа дараа унаж эхлэв.

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ БАЙГААД ЮУ, ЮУ ХИЙСНИЙГ САНАЯ
2012 онд Төрийн өмчийн хороог Хөдөө аж ахуйн яамны харьяанд аваачсаныг уншигч танд сануулъя. Ингээд Ерөнхий сайдын харъяанд байсан Засгийн Газар-ын тохируулагч агентлаг ийнхүү нэг сайдын мэдэлд очиж хүч, нөлөө нь суларсанаар төрийн өмчийг онилогч бүлэглэлүүд идэвхижиж эхлэв. 1996 онтой харьцуулахад өмч хувьчлал явагдахаа больсон ч цөөн үлдсэн улсын чанартай ач холбогдол бүхий үйлдвэрүүд бүлэглэлүүдийн анхаарлын төвд байсаар. Ийнхүү Төрийн өмчийн хороо нэг сайдын мэдэлд очсон тэр цаг үед төрийн хяналтанд байсан олон өмч замхарсанаас хамгийн анхаарал татах үйлдэл нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчилж, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг конценсийн гэрээгээр хувьд шилжүүлсэн явдал юм. Уг нь Төрийн өмчийн хороо нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ашигтай ажиллуулах 10 жилийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байжээ. Харамсалтай нь уг гэрээг цуцалсанаар Хөтөлийн цемент, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр хоёр төрд ямар ч ашиггүй хувьд шилжсэн байдаг.

Дараа нь 2015 онд өнөөх Төрийн өмчийн хороо маань бараг тэр чигтээ татан буугдаж боловсон хүчнүүдийг нь Сангийн яамны харъяанд нэг хэлтэст аваачсан гашуун түүхтэй. Харин төд удалгүй улс төрийн нөхцөл байдал ширүүсч төрийн өмчийг хянадаг төрийн захиргааны байгууллага зайлшгүй байх шаардлагатай юм байна гэдэг үндэслэлээр 6 сарын дараа “ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР” нэртэйгээр дахин сэргээж байгуулав. Төрийн өмчүүд эзэнгүй шахуу байсан яг тэр 6 сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн маапаантай хувьчлал болсон байдаг...

ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГААС ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
Ийнхүү дахин байгуулахдаа Засгийн Газарын тохируулагч агентлаг гэх статусыг нь бууруулж хэрэгжүүлэгч агентлаг болгожээ. Өөрөөр хэлбэл захиргааны бодлогогүй ердөө команд гүйцэтгэгч болгосон гэсэн үг. Төрийн өмчийг хариуцдаг төрийн захиргааны энэ байгууллагын хүч сулрах ямар аюултай болохыг дээр дурдсан жишээнүүд баримттай илтгэнэ. Дээрх жишээнүүд дээр төрийн өмчид бүртгэлтэй тавилга эд хогшил, тоног төхөөрөмж, жижиг барилга байгууламжуудыг монжсон үйлдлүүдийг нэмж дурдвал мэдээж өөр тоо гарна.

Гэхдээ статус буурч, хүч нөлөө багассан гээд туньж суулгүйгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь өмнөх Төрийн өмчийн хорооны үүргийг хангалттай хэрэгжүүлж иржээ. Гавьяа гэж дуугардаггүй чимээгүй л урагшилдаг болохоос ажил болгон дээрээ алдар нэрээ зарлуулдаг байсан бол даяар дуурсагдах гавъяатай гэж шууд магтчихаж болохоор. 

Хамгийн энгийн бодит жишээ гэвэл ТӨҮГ-ууд өмнө нь хамгийн ихдээ улсын төсөвт 40 хүртэлх тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлдэг байсан бол сайн засаглалаар чиглүүлж шинэ менежмент хэрэгжүүлж ажиллуулсанаар ТӨҮГ-ууд улсын төсөвт түүхэндээ анх удаа 200 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэв. Үүнээс гадна 2 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт оруулжээ. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нийгмийн хариуцлагын чиглэлд өргөн цар хүрээтэй оролцуулдаг болсон юм. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр ашигтай ажилласан ногдол ашгаараа цар тахлын үед Монгол улсын айл өрх бүрийн тог цахилгааны төлбөрийг төлж ажиллахаас эхлээд олон ажлуудыг дурдаж болно.

...ТӨРСӨН ГЭРТ НЬ ӨСГӨХ ҮҮ, ХОЙТ ЭЭЖИЙН ГАР ДЭЭР ӨСГӨХ ҮҮ?
Популизмын тоосонд дарагдаж буй төрийн өмчүүд олон бий. Тэднээс энэ цаг үетэй хамгийн ойр ганцхан жишээг уншигч танд өгүүлье. ...... онд Эрчим хүчний сайд “Цахилгаан станцуудаа яамны харъяанд авмаар байна” гэсээр байгаад Засгийн Газарын ... тогтоолоор ... цахилгаан станцуудыг Эрчим хүчний яамны мэдэлд шилжүүлэхээр болов. Хэрэгжүүлэгч агентлаг засгийн газраас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Ингэж дулааны цахилгаан станцууд яамны мэдэлд очсон юм. Уг нь бол Засгийн Газрын тухай хуулинд яамдуудын чиг үүрэг бүтцийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Энэ хуулинд яам нь төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх, засаглалыг хариуцаж ажиллах тухай ямар ч заалт байхгүй. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний яам цахилгааны станцуудыг хариуцах эрх үүрэг байхгүй гэсэн үг.

Бодлогын яам нь цахилгаан станц хариуцдаг аж ахуйн хэлбэртэй яам болов. Цахилгаан станцуудаа хөгжүүлэх засаглалын бодлого зогсож худалдан авалтын ажлууд дээрээ анхаарал нь төвлөрч, томилгоон дээр цаг их зарцуулдаг болжээ. Айлуудын тог цахилгааныг яаж таслахгүй байх вэ гэдгээс илүү хөгжлийн бодлого цухуйхаа больсон гэж шуудхан хэлж болно. Бодлогоор удирддаг агентлаг нь тухайн байгууллагад урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, зорилтот хөтөлбөрөөр чиглүүлж ажиллуулдаг байсан бол нэг яамны мэдэлд очсоноор сайдаас, сайдын хооронд гал унтраах төдий ажил хийж амь зогоох болов.

Бас нэг эрсдэл нь яам болгон нь тухайн салбарын тулгуурлах хуулиа №1-т тавьж үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Сангийн яам төсвийн тухай хуулиа, Эрчим хүчний яам нь эрчим хүчний тухай хуулиа №1-т тавьдаг. Тэгэхээр төрийн өмчийг зохицуулах хуулиудыг чухал биш ангилалд тавьж ажилладаг. Энэ нь буруутгаж, өөрчилж болохгүй систем юм. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, “компанийн тухай хууль”-иудаа нэн тэргүүнд тавьж ажиллана гэсэн үг.

Энгийнээр хэлэхэд төрийн өмчүүдийг хүүхэд гэж үзвэл төрсөн гэрт нь өсгөх үү, хойт ээжийн гар дээр өсгөх үү гэдэг асуудал юм.

НОХОЙД БАРЬДАГ МОД
Өөр чухал үед хэрэг болдоггүй хогноос ялгаагүй мөртлөө нохой дайрах үед хамгийн чухал үүрэгтэй модыг ингэж нэрлэдэг. Яг үнэндээ төрийн өмчит үйлдвэрийн газрууд ийм л болчихоод байна. Ашиггүй ажилладаг гэгддэг МИАТ ТӨХК нь цар тахлаас болж бүх нислэгээ зогсоож ажилчдаа сул цалинжуулж эхэлсэн. Тэгэхдээ анх Ухань хотоос 30 иргэнээ авчрахаас эхлээд хоёр жилийн турш тусгай үүргийн нислэг хийж хилийн чанадаас иргэдээ авчирсаар байна.

Улс төрчдийн тэмцлийн талбар болсон Эрдэнэт үйлдвэр цар тахлын хүнд үед айл өрхүүдийн өмнөөс тог цахилгаан, хэрэглээний төлбөрийг төллөө. Гэх мэтчилэн өнөө муу нэртэй төрийн өмчит үйлдвэрийн газруудыг ашигтай ажиллуулж болдогийг бодитоор харуулсан нь сайн хэрэг юм.

Харин одоо тэндэнд дэмжлэг хэрэгтэй. Хэцүү цаг үед тэднийхээ нуруун дээр ачаа үүрүүлэхийн тулд төр одоо үйлдвэрүүдээ хайрлах, улам хүчирхэг болоход нь туслах ёстой.  

ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГА
Төрийн өмчүүдээ хамгаалдаг эцэгтэй, сайн засаглалаар чиглүүлж ашигтай ажиллуулдаг эзэнтэй байлгахын тулд эрх зүйн зохицуулалт нь цаг үетэйгээ тохирч шинэчлэгдэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ардын төр уг байгууллагаа унагаж босгож, ачаа үүрүүлж явсаар эдүгээ 25 жилийн нүүр үзэхдээ алдаа оноогоо дэнслэх арвин туршлага, тогтсон ойлголттой боллоо.

1996 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тухайн цаг үетэйгээ зохицож боловсруулагдсан байж таарна. Энэ 25 жилийн хугацаанд уг хуулинд 30 орчим удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Тэгэхдээ холбогдох бусад хуулийг дагаж нэмэлт өөрчлөлт орох, эсвэл эрх ашгийн бүлэглэлд нийцсэн өөрчлөлт орж байснаас яг бие даасан системийн том өөрчлөлт хийж байгаагүй юм. Төрийн өмчийн тухай ойлголт, хөгжлийн бодлого нийгмийн хөгжлөө дагаад эрс өөрчлөгдсөн болохоор эрх зүйн зохицуулалт нь зайлшгүй өөрчлөгдөх шаардлага тулгарч байгаа юм. Урагшлахад нэмэргүй уяа болохоор эрх зүйн чадамжгүй хууль болсон гэсэн үг. Эзэндээ илчгүй дүүрэн нөхөөстэй тэрлэг шиг...

Тэгээд ч Монгол Улс холбооны биш нэгдмэл улс учраас төрийн бүх өмч яам, яамны мэдэлд таралгүй нэг малгайн дор, нэг бодлогоор зохицуулагдах нь хамгийн зөв шийдэл юм. Системийг зөв зангидаж эхлэх нь цаг үеийн шаардлага юм.

Төр юу, юугаа өгөх, өмчлөх тухай боддог байсан нь хоёр үеийн цаан үлдэж, харин өнөөдөр төр юутайгаа үлдэхээ сайтар тунгаах чухал цаг үе ирж байна.
ТӨР ЮУТАЙГАА ҮЛДЭХ ВЭ?

Б.ДАВАА

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх