Хэнийг дараагийн Ерөнхийлөгчөөрөө сонгох вэ

Хэнийг дараагийн Ерөнхийлөгчөөрөө сонгох вэ

Монгол Улсын түүхэнд 7 дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай дөрвөн нам өрсөлдөнө. Үүнээс өмнө дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн тохиолдол нэг удаа буюу 2005 онд болж байв.

  1. Н.Энхбаяр /МАХН/
  2. М.Энхсайхан /Эх орон-Ардчилал эвсэл/
  3. Б.Жаргалсайхан /БНН/
  4. Б.Эрдэнэбат /Эх Орон Нам/ нар өрсөлдөж

16 жилийн өмнөх 4 нэр дэвшигчийн сонгуультай одоогийн сонгуулийг харьцуулбал сонгогчдын боловсролын түвшин, мэдээлэл авах хурд, улс төрийн итгэл үнэмшил гээд бүхий л үзүүлэлтүүд нь өдөр шөнө шиг ялгаатай болсон. 

АРДЧИЛСАН НАМ
Өмнөх сонгуульд ялалт байгуулсан Ерөнхийлөгч Х.Баттулгыг ахин нэр дэвшүүлэх нь ойлгомжтой. Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгч болсоноос хойш дөрвөн жилийн хугацаанд өөрийн хууль эрх зүйн хүрээнд хийсэн ажлуудаас нь гурван үйлдэл нь сонгогчдын ой санамжинд тод үлджээ.

  1. Парламентаас баталсан улсын төсөвт хориг тавьсаар ирсэн. Одоо ч хоригоо тавьсаар байгаа.
  2. Орон даяар явж “ЭХИЙН АЛДАР” одон тараасан. Одоо ч тарааж байгаа.
  3. БНХАУ-д төрийн айлчлал хийж Монгол улсын нэрийн өмнөөс 30.000 хонь бэлэглэсэн.

Харамсалтай нь Офшорт байгаа бүх мөнгийг оруулж ирэх, Монгол Улсын бүх иргэний өрийг дарах гэх мэт амлалтууд нь хоосон үлдсэн. Шууд утгаараа анх сонгогдох үеийн рейтинг эрс буурсан. Гэхдээ түүнтэй өрсөлдсөн хэн боловч ПиАр технологит хэрчүүлдэг бичигдээгүй хуультай учир Женког хэн ч басч болохгүй.

МОНГОЛ АРДЫН НАМ
Намын даргынхаа рейтингийн нөөлгөнд УИХ, орон нутгийн сонгуулиудад үнэмлэхүй ялалт байгуулсан ууган нам 100 жилийн ой дээрээ ялагдах эрхгүй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байгаа. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Нам ялагдахад Засгийн Газраа огцруулж, Намын дарга, УИХ-ын даргаа буулгаж нам дотроо реформ хийсэн У.Хүрэлсүхийн үйл явц хэрвээ энэ сонгуульд намаа ялагдалд хүргэвэл яг өөрийнх нь толгой дээр ирнэ.

Тэгээд ч У.Хүрэлсүхийг дэвшүүлэн зайлуулах нь Монгол Ардын Намын нөгөө паракцийн туйлын зорилго учраас  одоогийн намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал 99%. Монгол ардын нам энэ сонгуульд ялагдвал У.Хүрэлсүх намын дарга ч биш, Ерөнхий сайд ч биш болно. Эрх мэдлээ алдаж гартаа сэлэм битгий хэл модон хутга ч үгүй болох учраас түүнд нэр дэвшихээс өөр зам байхгүй.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ
Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатарын хүчээр энэ парламентад ганц суудалтай болсон. Харин С.Ганбаатар нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ аль эрт зарласан. Тэгэхээр өөр хүчтэй кандидат байхгүй. Уг нам нь Н.Энхбаярын гэр бүлээс холдоогүй цагт одоо гэгээ үзэхээсээ нэгэнт өнгөрсөн. Харин хөмхий зуулттай Н.Энхбаяр ба түүний нөхөд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахгүй ч Монгол Ардын Намын саналыг хувааж гай тарих гавъяагийн төлөө оролцоно.

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ
Парламентад анх удаа нэг суудалтай болсон энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүчтэй кандидат байхгүй. Гэхдээ Т.Доржхандын толгой сийрэг учраас ард түмэнд хамгийн ихээр хүндлэгдэж байгаа буюу олон нийтийн дэмжлэгтэй нам бус хэн нэгнийг авчираад намдаа элсүүлээд нэр дэвшүүлчихэж магадгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд засгийн эрх мэдлийн хүч шууд нөлөөлдөггүйгээрээ УИХ-ын сонгуулиас ялгаатай. Тиймээс Хөдөлмөрийн Үндэсний Нам энэ сонгуульд хөлгүй ч гэсэн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх магадлалтай.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх