ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР САНХҮҮ, МӨНГӨНИЙ ОНОВЧТОЙ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛСНИЙ ҮР ДҮНГЭЭР АЖИЛЧДАА УРАМШУУЛЛАА

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР САНХҮҮ, МӨНГӨНИЙ ОНОВЧТОЙ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛСНИЙ ҮР ДҮНГЭЭР АЖИЛЧДАА УРАМШУУЛЛАА

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын 2019 оны сүүлчийн шуурхай хуралдаан болж, бүтцийн нэгжийн дарга нар өөрийн цех, хэлтсийн ололт амжилт хийгээд ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа тоймлон хэлэлцлээ. Зууны манлай үйлдвэр 2019 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, техник, технологийн шинэчлэлд 410 тэрбум төгрөг зарцуулан, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг анх удаа 32,2 сая тоннд хүргэв. Мөн “Эрдэнэт”-ийн баялаг бүтээгчид улс, орон нутгийн төсөвт түүхэндээ хамгийн их буюу 936,5 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Энэчлэн олон дээд амжилтаа хэлэлцсэн шуурхайн зөвлөгөөний үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа 2019 онд мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн хүүгээс хамгийн өндөр буюу 19 тэрбум төгрөгийн орлого олсныг дуулгаад, эндээс үйлдвэрийн газрын удирдлагууд уурхайчдадаа урамшуулал олгохоор шийдвэрлэснийг мэдээлсэн юм. Эрдэнэт үйлдвэр 2019 онд санхүү, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлэн арилжааны банкнуудтай өрсөлдөх чадвараар нь хамтран ажилласан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад цалингийн болон ипотекийн зээлийн хамгийн бага хүү санал болгуулах, тус үйлдвэрийн газрын мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг өндөр хүүтэй хадгалах зэрэг хэлцэл хийж хамтран ажилласны үр дүнд энэхүү боломж нөхцөл бүрджээ. Мөн 2019 онд дэлхийн зах зээл дээр зэсийн ханш  төлөвлөснөөс бага байсан тул Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал тушаал гарган хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд тав орчим тэрбум төгрөг хэмнэжээ. Зардал бууруулж, санаачилгатай ажилласан цех, хэлтсийн дарга нарт ажилчдаа урамшуулах эрх мөн олгов. 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх