-Энэ сарын 2-нд Эрдэнэт үйлдвэрийн захиргааны хоёрдугаар байрны Оюу танхимд “100 ажилтны залгамж” хөтөлбөрийн нээлт боллоо. Аливаа байгууллага, аж ахуйн нэгжид улс орны үнэт баялаг болсон хүний хөгжлийн асуудал юун түрүүнд тавигддаг. Иймд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, Хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлж байна. “100 ажилтны залгамж хөтөлбөр”-ийн хүрээнд туршлагатай ажилтнууд өөрийн эзэмшсэн туршлагаас залуу ажилтнуудад өвлүүлэх үйл ажиллагааг багш шавийн гэрээгээр баталгаажууллаа. Эрдэнэт үйлдвэрийн тухайд туршлагатай ажилтнууд нь багшилж, шинэ залуу үе нь суралцаж ирсэн уламжлалтай. Энэхүү залгамж чанарыг цехийн хэмжээнд тасралтгүй зохион байгуулж, үр дүнд хүрсэн ажлынхаа туршлагаас Засвар угсралтын цехийн ерөнхий инженер Т.Атарбаяр ярьсан. Уг хөтөлбөрийн гол зорилго нь үйлдвэрийн газрын хүний нөөцийн бодлогын хүрээнд одоогийн болон ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээг хангах, залгамж халаа, залуу үеийн холбоог бэхжүүлэх явдал юм. Энэхүү “100 ажилтны Залгамж хөтөлбөр” –ийн талаар ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр: “Эрдэнэт үйлдвэр нэгэн шинэ үеийг угтаж байна. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн 70 хувийг залуучууд эзэлж байгаа. Нийт ажилтнуудын 30 хувийг 45-аас дээш насны залуучууд эзэлж байх жишээтэй. Тэгэхээр мэргэжлийн өндөр зэрэгтэй, ажлын ур чадвартай, дадлага туршлагатай ажилтнуудынхаа арга барилыг залуу үедээ өвлүүлэх зорилгоор “Залгамж хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Үйлдвэрийн бүх бүтцийн нэгжийн хүмүүс хамрагдана. Туршлагатай болон залуу ажилтнуудын дунд багш, шавийн гэрээ байгуулж баталгаажууллаа. Цаашид цех, нэгжүүдийн ажилтнуудын дунд багш, шавийн гэрээ байгуулах ажил үргэлжилнэ. Мөн хөтөлбөрт хамрагдаж буй ажилтнууддаа эрүүл аж төрөх ёс, аж ахуй эрхлэх санхүүгийн боломжийн талаар мэдлэг олгох сургалтад хамруулахын зэрэгцээ тэдний ажлын арвин дадлага туршлагыг залууст түгээн дэлгэрүүлэх зорилгоор тасралтгүй явагдах хөтөлбөр юм” гэв. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, хөтөлбөрт оролцож буй ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ “Эрдэс хүдрийн баялаг бол олон сая тонноор олборлож, мөнгөн дүнгээр хэмжигддэг боловч нөхөгддөггүй, шавхагддаг баялаг. Харин хүн баялаг бол хэмжиж баршгүй үнэт баялаг бөгөөд нөхөн сэргээгддэг, ундардаг баялаг” хэмээгээд, “Хүн баялаг үгүй бол хүдэр эргэлтэд орохгүй, баяжмал баялаг болохгүй” гэсэн юм. Улмаар эвсэг, найрсаг, бүтээлч хамт олон, тэр дундаа туршлагатай, сэтгэлтэй та бүхний адил олон хүн энэ үйлдвэрт байгаа учраас бид хүндрэлийг даван туулж, олон амжилтад хүрч байгаа тухай бахархан ярьж, баяр хүргэсэн юм.
Нийт 0