С.МӨНХБАТ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ ЧАДВАЛ ЖИЛД НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖ БИЙ

С.МӨНХБАТ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ ЧАДВАЛ ЖИЛД НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖ БИЙ

Монгол Улсын Засгийн газрын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, олон улсын жуулчдын тоог нэг саяд хүргэх”, “Аялал жуулчлалын сургалтын төв байгуулж, салбарын чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх” зэрэг зорилтуудыг тус тус тусгасан.

Дээрх зорилтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтыг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, дүрмийн дагуу 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол улс 2019 онд 577 мянган жуулчин хүлээж авсан. Тэгвэл ирэх дөрвөн жилд энэ тоог 1 сая болгох зорилт тавьн ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалын салбар зогсонги байдалд байгаа ч буцаад сэргэх төлөвтэй байна. Түүнчлэн цар тахлыг бид нэг талаараа боломж гэж харж байгаа. Учир нь бидэнд аялал жуулчлалын үйлчилгээний асуудал тэр дундаа угтах, зочлох үйлчилгээг сайжруулах асуудал тулгамдсаар ирсэн. Гадны жуулчид хүлээн авахгүй байгаа энэ хугацааг ашиглан аялал жуулчлалын үйлчилгээний асуудалд дэвшил гаргахаас салбар яамнаас олон ажлууд төлөвлөж, дэс дараатай хийж байна. Түүний нэг нь энэхүү 10 чиглэлээр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтууд юм. Энэ жилийн хувьд 16 мянган иргэний үнэ төлбөргүйгээр сургалтад хамруулж мэргэшүүлэх зорилтыг тавьсан.”   

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хөтөлбөрийн дагуу 9 мэргэжлээр мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтыг орон даяар зохион байгуулсан. Уг сургалтын үйл ажиллагаанд 10 мянга гаруй иргэдийг хамруулж, гэрчилгээг олгосон юм.

 Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат: “Олон улсын хэмжээнд манай орон үйлчилгээний чанарын асуудалд нэлээн хойгуур байр эзэлдэг. Жилд дунджаар хагас сая жуулчин тогтмол ирдэг. Нэг жуулчны сэтгэл ханамжтай буцаавал цаана нь 10 хүн байдаг гэсэн судалгаа бий. Нэг жуулчнаас манай улсад зарцуулж байгаа мөнгөн орлого 13 салбарт шингэдэг учраас зөвхөн аялал жуулчлалын салбар бус нийгэм эдийн засагт бүхэлдээ үр нөлөөгөө өгдөг юм. Ирсэн жуулчдыг сэтгэл ханамжтай буцаах хамгийн эхний алхам бол үйлчилгээний чанарыг сайжруулах юм. Тиймээс бид 10 чиглэлд буюу Сургалтыг зөөгч, бартендер, бариста, тогооч, өрөөний болон гэрийн үйлчлэгч, хаалгач, ачаа зөөгч, хөтөч тайлбарлагч, жолооч, зочин угтагч мэргэшүүлэх сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тун удахгүй аялал жуулчлалын салбарын үйлчилгээ сайжирч Монголыг зорих жуулчдын тоо 1 саяд хүрнэ гэж найдаж байна.”

Сургалтын нээлтийн үйл ажиллагааны үер зөөгч, бартендер, бариста, тогооч, өрөөний үйлчлэгчийн ур чадварын үзүүлэн сургалтууд зохион байгуулагдсан юм.  

Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Н.Эрдэнэбат: “Ковидоос шалтгаалан энэ жил аялал жуулчлалын салбарт багагүй хямрал үүслээ. Гэхдээ нөгөө талаараа бидэнд боломж болж байгаа хэрэг юм. Гадны жуулчдыг хүлээн авсан сүүлийн 30 жилд бид юун дээр алдав, юунд анхаарах хэрэгтэй вэ, яагаад жуулчдын тоог 1 сая хүргэх зорилт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа вэ зэрэгт дүгнэлт хийж байна. Ингэхэд хоёр асуудал байна. Нэгдүгээрт, дэлхий нийтэд Монгол улсаа тасралтгүй сурталчилах нэн тэргүүний шаардлага байна. Хоёрдугаарт зорин ирсэн жуулчдыг сэтгэл дүүрэн угтаж, буцаах хэрэгтэй байгаа юм. Хил дээр буухаас эхлээд явах хүртлээ Монгол улсын тухай эерэг сэтгэгдэлтэй буцахад угтах, зочлох үйлчилгээний ажилтнууд хамгийн их нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ сургалтын ач холбогдол их өндөр юм.”

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсад мэргэшлээ бататгах, шинэлэг мэдээлэл авах, мөн энэ салбарт хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэд орон даяар зохион байгуулагдах энэхүү сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж, гэрчилгээ авах боломж нээлттэй юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх