ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 100 МОД ТАРИЛАА

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 100 МОД ТАРИЛАА

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Манай улсын нийт газар нутгийн 7,9 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 2020-2024 онд энэ тоог 8,6 хувьд хүргэх том зорилтыг салбар яам тавиад байна. Энэ хүрээнд БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Мод тарих” өдөрлөгийг “Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан доор зохион байгууллаа. Өдөрлөгт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ийн суурин зохицуулагч Тапан Мшира, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд болон бусад албаны хүмүүс оролцож мод тарьлаа.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бид 10 дахь жилдээ мод тарьж байна. Нэг хүн 18 мод тарихад амьдралынхаа туршид амьсгалах агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг. Нэг мод өдөрт 10 хүнийг хүчилтөрөгчөөр хангаж байдаг. Ганцхан эндээс мод тарих, модыг хайрлаж, хамгаалахын ач холбогдлыг ойлгож болно. Бид монгол орны ойн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жил бүр 300 мянган га талбайд мод тарих шаардлагатай. Энэ ажлын эхлэл болгож энэхүү мод тарих өдөрлөгийн зохион байгуулж байна. Мод тарихаас гадна модны хулгай улам бүр гаарсаар байна. Бид Экологийн цагдаагийн албатайгаа хамтраад ард иргэдээ торгох, шийтгэхээс илүүтэй ойлгуулах, соён гэгээрүүлэх, ухамсарт нөлөөлөх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.”
ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд: “Цагдаагийн Ерөнхий газар өнгөрсөн жилээс Засгийн газрын дэмжлэгээр Экологийн цагдаагийн албатай болсон. Ингэснээр ургамал амьтан, ус, гол мөрөн, ой мод зэрэг Экологийн гэмт хэргүүдтэй тэмцэх боломж бүрдсэн юм. Энэ удаа бид “Ой модоо хайрлая” нөлөөллийн аяныг улс орон даяар явуулж байгаа. Ой модоо хайрлахын ач холбогдол, цаашлаад ой модоо хамгаалах, тарьж ургуулахыг ард иргэдэд уриалах гэх мэт ажлуудыг энэ хүрээнд хэрэгжүүлж байна. Үүний нэг бол өнөөдөр хийж байгаа мод тарих өдөрлөг юм.”

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх