Хятадын “CCTV” телевизэд ажиллаж байгаа сэтгүүлч, яруу найрагч Батмөнхийн Занданхүүгийн Бээжин хотод тогтоосон хөл хорионы дэглэмийн тухай цахим хуудастаа тэмдэглэсэн нийтлэлийг хүргэж байна.
…Хотхоны үүдэнд очиж хүргэлтээр ирсэн хүнсээ авчихаад буцаад орох гэсэн чинь саатуулагдчихсан. Хоёр цаг үйлээ үзэж, үглэж дуулж, нус нулимс болсны эцэст харуулын албан дээр ажиллаж байгаа Онцгойгийнхонтой хамт хотхоны конторт очин ийм нэг үнэмлэхтэй болж аваад гэртээ орж ирсэн чинь Бөмбүүлэй гэрийнхээ буланд халтайтлаа уйлчихсан сууж байна.
“Би таныг гарангуутаа өвчин тусаад ачигдаад явчихсан гэж бодсон” гэнээ зайлуул. Хоёулаа нийлж баахан уйлж аваад тайвшрав ш дээ. Өчигдөр орон сууцны контор хотхоны оршин суугчдадаа зориулан гэр орны хаяг нямбайлан бичсэн ийм түр үнэмлэх тарааж хогоо асгах, хоолоо авахдаа ч энэнтэйгээ явж байх шийдвэр гаргасан юм байна.
Гэрээс цухуйдаггүй бид хоёр мэдэлгүй өнгөрчихөж. Харуул хамгаалалтынхны нүдэн дээр нь хүргэлтийн юмаа авчихаад эргээд орох гэхэд л оруулахгүй байна. “Дөрвөн настай хүүхэд гэрт ганцааранг нь үлдээчихсэн, би сая та нарын нүдэн дээр ирж юмаа аваад орж байна шүү дээ” гэх тайлбар тэдэнд ёстой хамаа алга. “Үнэмлэх, зөвхөн үнэмлэх” гэдэг хоёр үг л өөдөөс шүршиж байна.
Над шиг сэгсийж сэндийсэн хэдэн амьтад яахаа мэдэхгүй холхиж харагдана. За одоо энэ нэг үнэмлэхийг ёстой нохойн хүзүүвч шиг зүүж, сахиус шиг нандигнаж явахгүй бол гэрээсээ гараад буцаж орохгүй юм байна гэдгээ л айхтар ухамсарлалаа. Нөгөө араб эмэгтэйчүүд хамаг алт эрдэнэсээ зүүгээд хэзээ ч хөөгдөхөд бэлэн явж байдаг гэдэг шиг бид хоёр гадаад паспорт, Хятадад амьдрах үнэмлэх, оршин суугчийн энэ нэг бичиг баримтаа нэг саванд хийж хүзүүндээ зүүдэг юм бил үү дээ.
Энэ хатуу хориг цээрийн буянаар л халдварыг хазаарлаж байгаа улс, арга ч үгүй байх. Бүх нийтийн хөл хорио тогтооно гэдэг улс орны хувьд бол асар их алдагдал эрсдэл үүрч гаргасан шийдвэр гэдэг нь тодорхой. Гэхдээ л хүн ардынхаа эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж байгаа нь яах аргагүй ардчилсан орны бодлого.
Тэр тусмаа халдвар бүртгэгдээгүй байгаа тохиолдолд шүү. Төр ингэж мачийж байхад иргэд хаан шиг, заан шиг загнаад байвал энэ их хүчин чармайлт ямар ч үр дүнгүй өнгөрнө. Хятадын захын жижиг хоттой дүйх эмзэг бяцхан эдийн засгаа бодож үзээч дээ, миний ахан дүүс ээ” гэж тэрээр монголчууддаа хандаж уриалжээ.
Б.Занданхүү 2000 онд УБИС-ийг Сэтгүүлч-Утга зохиол судлаач мэргэжлээр төгсөж Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай ажил мэргэжлийн замналаа холбон дотоод мэдээний сурвалжлагчаас албаны дарга хүртэл дэвшин ажилласан манай тулхтай сэтгүүлчдийн нэг. Тэрээр БНХАУ-ын ӨМӨЗО дахь МОНЦАМЭ-гийн тусгай сурвалжлагчаар ажиллахын зэрэгцээ Хөх хотын Багшийн их сургуулийн докторантурт суралцаж дүүргэсэн байдаг. Түүнийг уншигчид “Ар Монголдоо хурга болон төрөөд ирэг болон идүүлэхсэн”, “Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана” зэрэг “сэтгэл үнэртсэн” хүчтэй нийтлэлүүдээр нь хэдийнэ мэднэ.
Яруу найргийн “Хариг дотно”, “Бурхангүй газар”, хөрөг нийтлэлийн “Сэтгэл үнэртэнэ”, аян замын тэмдэглэлийн “Сэтгэл хуучирдаггүй” номтой тэрээр “Би Хятадын төрийн байгууллагын нэг болох төв телевизэд нь ажиллаж байгаа сэтгүүлчийн хувьд албан ёсоор нийтлэгдсэн тоо баримтуудыг хувийн фэйсбүүкээрээ дамжуулан мэдээлж байгаа. Энэ утгаар нь албан эх сурвалж гэж үзэж байж болох юм. Гэхдээ би фэйсбүүкийн хувийн талбартаа хувийн үзэл бодлоо бичдэг.
Үүнийг Хятадын төрийн дуу хоолойтой андуурч болохгүй. Харин миний хөтөлдөг cctv болон энэ хаягаарх фэйсбүүк хуудас бол албаных. Тиймээс тэнд нийтлэгдсэн мэдээ мэдээлэлд эргэлзэх шаардлагагүй. Би сэтгүүлчийн ажил гэхээсээ илүү иргэний үүргээ биелүүлэх гэж л тэдгээр тоо баримтыг Монголын олон нийтэд мэдээлж, хажууханд хаалга тогшиж байгаа энэхүү аймшигт цар тахлаас сэргийлж сэрэмжлээсэй гэсэндээ өвчний нөхцөл байдлын мэдээллийг газар дээрээс нь хүргэхийг чухалчилж байгаа” гэсэн байна.
Б.Занданхүү “Бүх нийтийн хөл хорио тогтооно гэдэг улс орны хувьд бол асар их алдагдал эрсдэл үүрч гаргасан шийдвэр гэдэг нь тодорхой. Гэхдээ л хүн ардынхаа эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж байгаа нь яах аргагүй ардчилсан орны бодлого. Тэр тусмаа халдвар бүртгэгдээгүй байгаа тохиолдолд шүү. Монголын төр ингэж мачийж байхад иргэд хаан шиг, заан шиг загнаад байвал энэ их хүчин чармайлт ямарч үр дүнгүй өнгөрнө. Хятадын захын жижиг хоттой дүйх эмзэг бяцхан эдийн засгаа бодож үзээч дээ, миний ахан дүүс ээ” гэж бичсэн байна. Бодох л үг дээ.
сэтгэгдэл бичигч
сэтгэгдэл
сэтгэгдэл бичигч
сэтгэгдэл