Би жижиг бор аваргыг хайрлаж бөхийн хорхойтон болсоноос хойш үндэсний бөхийн барилдаан бүхний оноолт, даваа үзүүлэлтийг тэмдэглэн шимтэн үздэг байлаа. Харамсалтай нь бөхчүүдийн илэрхий найраа, дотоод тэмцэл, атаа жөтөөнүүд нь тогооноосоо хальсанаас хойш үзэх ямар ч сонирхолгүй болсон. 2012 оноос хойш барилдаан үзээгүй гэхэд болно. Сүүлийн жилүүдэд үндэсний бөхийг тойрсон шүүхийн маргаан, допинг сэргээшийн асуудал нүдний буланд өртөхөд:
- Хннн! Энэ балай спортыг үзэхээ больсон нь аз... гэсэн хандлагатай. Гэхдээ миний бие сүүлийн үед дэлхийн түүхийг зурж явсан нүүдэлчдийн тухай илүү ихийг сонсож, уншиж судлах тусам үндэсний бөхийн спортын өнөөгийн шарханд сэтгэл хөндүүрлэх болов. Шивэртэй гээд хөлөө огтолдоггүйтэй адил үндэсний спортын нэр төр ганхсан зовлонт цаг үед нь зүхэж орхино гэдэг үзэгч миний хувьд ёс зүйгүй хэрэг байж. Тиймээс би үндэсний бөхөө ахиад шимтэн үзмээр байна. Гагцхүү ариун үндэсний спортыг!
ҮНДЭСНИЙ БӨХ БОЛ ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ
Дэлхийн даяарчлал тэнгэрийн хаяанд тулж бөмбөрцгийн бүх хүн төрсөн өдрөөрөө нэг л дууг дуулж, ижилхэн “Hi” хэмээн мэдэлж, нэг загвар, нэг соёлд ууссаар нэг хавтгайд орших цаг улам бүр ойрож байна. Хүүхэд байхын явдалаа эргэн бүдэг бадаг санадагтай адил хожмын тэр цаг үед Монгол гэдэг улс ирсэн замдаа юу, юугаа гээснээ эргэн санаж ганихрах л болно. Бүх дэлхийн улс нэг сүлд, нэг уриалган дор нэгдэх ирээдүй цагт Монгол улс тэнд очихдоо юутайгаа үлдэхээ одоо мэдэж байх учиртай юм. Тэр бол нүүдэлчдийн өв соёл, зан заншил, ёс суртахуун, хүнээ хүндлэх ухаан гээд олон зүйлийг өөртөө шингээн өдий хүртэл өвлөж ирсэн үндэсний бөхийн спорт билээ. Бид энэ л спортоо улам дархлаажуулан хамгаалж мөрөн дээр нь өв соёлоо тээж ирээдүй хойчдоо илгээх ёстой.
ҮНДЭСНИЙ БӨХ БОЛ ҮНДЭСНИЙ УРЛАГ
Бөхийн барилдаан үздэг байхдаа гурвын давааны цол дуудах үеэр ариун цэврийн өрөө орж, хоол унд идэж амждаг байв. Одоо арай өөр өнцгөөс анзаарахыг оролдож байна. Тэгсэн чинь бөхийн цол дуудах, бөхчүүдийн дэвээ шаваа, унасан давсан бөхчүүдийн сэтгэл хөдлөл, хор шар, харуусал омгорхол, тахим өгөх авах ёсон, ёс зүйн дараалал тэр чигтээ урлаг юм. Омог булчинг нь захирдаг цор ганц зүйл болох ёс жудаг нь хүртэл ухамсарын философи юм. Бөхийн өргөөнд өдөр бүр болдог ямар ч нийтийн дууны концертоос ийм олон мэдрэмжийг хайгаад ч олж үзэж чадахгүй. Гагцхүү анзаарвал үндэсний бөхөд тэр бүгд шингээстэй байна.
ҮНДЭСНИЙ БӨХ БОЛ ҮНДЭСНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА
Саяхан үндэсний бөхийн энэ цаг үеийн дээд цолтнууд тэргүүтэй бөхчүүд мэдэгдэл хийж бөх сонирхогчдыг талцуулаад авлаа. Цагаан сарын барилдаанаар Оюунболдыг барилдвал би барилдахгүй гэж хэлсэнд Оюунболдын дэмжигч үзэгчид ихээхэн эгдүүцэж та нараар үндэсний бөх дутахгүй хэмээн сөрж талцана. Бөх сонирхдоггүй хүмүүс бүр “Эд нараар цагаар сар, наадам хоёр дутахгүй” гэж хэлсэн нь нэлээдгүй олон дэмжлэгийг авч хөөсрөв. Үндэсний бөхийн спортын нэр төрийг ингэж унатал нь аргамжжээ.
Харин миний бодсоноор бол энэ талцал л үндэсний бөхийн спортын асуудлыг нэг талд нь цэгцэлж хууль эрх зүйн орчныг сайжруулах нь цаг үеийн шаардлага болсоныг илтгэнэ. Монгол төр, Монгол бөх хоёр хамт хөгжиж ирсэн. Цаашдаа ч салгаж ойлгох боломжгүй. Эдгээр бөхчүүдийн тэмцлийг анзаарвал Оюунболд аваргатайгаа тэмцээд байгаа хэрэг ердөө биш юм. Оюунболд аваргын нэр холбогдсон допинг сэргээшийн асуудал, үндэсний бөхийн холбооны шавар намгийг цэвэрлэж цэвэрхэн дэвжээн дээр үнэн хүчийг үзүүлэн эн тэнцүү барилдахыг хүссэн, ёс дүрэм зөрчвөл хариуцлага хүлээх нөхцөл нь ижил тэгш эрхэнд үйлчлэхийг шаардсан зөв тэмцэл юм.
Яг ийм цаг үед дээд цолтнууд өөрсдөө ийм тэмцэл өрнүүлж байгаа нь үндэсний бөхийн хөгжлийн түүхэн дэхь анхны содон үйл явдал боллоо. Энэ нь цаг үеийн шаардлагаар өрнөж буй маш сайн хэрэг. Магадгүй үндэсний бөхийн нэр төрийг ард түмний дунд ахиж ингэж унагаж болохгүйг сандал, ширээ горилогсод тунгааж буй биз. Энэ спорт ямар өнгөтэй байна Монгол түмний оюун санааны дархлаа, "Эв нэгдэл" тийм л төрхтэй байна.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО ЗӨВХӨН БӨХЧҮҮДИЙН АСУУДАЛ БИШ
Дээрх бөхчүүд Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “их эе”-ийг зарлан хуралдуулах шаардлагыг хүргүүлээд буй. Энэ туйлаас үнэн боловч нөгөө л "Хэн тэргүүн болох вэ" гэсэн сандал ширээний маргаан дахиж өрнөхийг үгүйсгэхгүй. “Их эе” чуулан хуралдлаа гэхэд тэргүүний асуудал яригдана. Тиймээс одооноос энэ шаардлагыг хүргүүлж байгаа бөхчүүд дараа нь хэрүүл гаргахгүй үүднээс хэнийг тэргүүн болгох санаатай байгаагаа ил тод зарлах хэрэгтэй. Тэр нь ямар ашиг сонирхолтой, өнөөгийн асуудлыг хэрхэн шийдэх гаргалгаатай, үндэсний бөхийг цаашид хөгжүүлэх ямар хөтөлбөртэй, гадаад бодлогын тал дээр ямар санаачлагатай байгаагаа бүрэн зураглалаар нь үндэсний бөх сонирхогчдод нээлттэй дэлгэх хэрэгтэй. Цаашдаа дүрмэндээ бөх сонирхогчдын саналыг тодорхой хувиар, мөн үндэсний бөхийн спортын сэтгүүлчийн саналыг ч авдаг байхыг тусгахад буруудахгүй. Ер нь үзэгчгүй бол тэд хэн ч биш.
БИ ҮНДЭСНИЙ БӨХӨӨ ШИМТЭН ҮЗМЭЭР БАЙНА.
ГЭХДЭЭ АРИУН ҮНДЭСНИЙ СПОРТЫГ.
ТИЙМЭЭС
ЭДГЭЭР БӨХЧҮҮДИЙН ТЭМЦЛИЙГ
ХОЁР ГАРАА ӨРГӨН ДЭМЖИЖ БАЙНА
Бөх сонирхогч, сэтгүүлч Болдын ДАВАА
Нийт 0