Хошин урлагийнхан хөлжсөөр л байвал
үзэгчид мунхаг хэвээр буйг илэрхийлнэ.
Одоогоос хоёр жилийн өмнө хошин шогийн нэгэн продакшны захирал залуу надад хандан шинэ уран бүтээлээ “ПиАр”-дуулж нийтлэл бичүүлэхийг хэдэнтээ хүссэн юм. Миний чадах л зүйл юм чинь олон гуйлгаж үнэд ороод юүхэв хэмээн шийдэж ханиад, халуун хоёроо тийрч босоод мөнөөх тоглолтыг нь үзлээ.
Ингэж эхлэл төгсгөл хоёртоо бүжигтэй ижил хэвэнд цутгасан хошин урлаг гэдэг зүйлийг хөгжөөд 20 жил болсоны дараа анх удаа үзэгчийн суудлаас үзсэн минь тэр. Садар самуун, хар тамхийг шууд бус утгаар тайзнаас уриалсан тэр тоглолт үзэгч миний сэтгэлийг өчүүхэн ч татаагүй боловч найздаа туслах амлалтандаа бантаад шимгүй тоглолтын тухай өдөржин бодож нийтлэл бичлээ. Танил маань баярласан гэж жигтэйхэн...
Тэр явдалаас хэдхэн хоногийн дараа мөнөөх танилаасаа хариу тус хүсч сайн дурын залуучуудын арга хэмжээг хөтөлж өгөхийг хүсэхэд 1.500.000₮ гэсэн ханшаа тасхийтэл хэлж итгэл гонсойлгож билээ. Бэртэгчний далайгаасаа тохой өндөр гарч харсан бол тэр жүжигчин хоёр цагийн арга хэмжээ хөтөлсөөр байгаад аманд нь цээжлэгдсэн хэдэн үгнээсээ өөр зүйл гаргахгүйгээр хариу туслах байв. Гэвч бэртэгчний далайгаасаа толгойгоо өнгийлгөхийг хүсээгүй болохоор миний түүнд ахиж юун дээр ч би өөрөө хуулж ашиглаж болдоггүй урлаж өгсөн нийтлэл үнэ цэнэгүй, түүний хувьд үнэгүй хэвээр үлдсэн юм.
Коронавирус хэмээх шинэ халдварын сургаар Монголчууд бэртэгчний далайн мандалд язганаж байгаа амьтас шиг үймэлдэж байна. Ийнхүү үймж эхлэх үед иргэдийг буруу ташаа ойлголтонд авталгүй албан ёсны мэдээллээр оюун санаагаа вакцинжуулах, албан ёсны мэдээлэлд итгэх уриалгыг шейрлэж өгөхийг дээрх хошин урлагийн жүжигчнээсээ ахин хүссэн юм. Харамсалтай нь “шейр”-ээ хүртэл харамласан аминчхан жүжигчин маань: “Би хүүхдүүдээ лагерт гаргасан байгаа” гэсэн бэртэгчин үйлдэлээсээ өөр зүйл өгүүлсэнгүй. Бэртэгчний далайгаасаа ганц ч удаа өнгийж харсан бол тэр вирусын халдвар ороод ирсэн цагт лагерын байшинд бүгээд ч, ланд жийпээр зугтаад ч нэмэргүй болохыг ойлгох байв. Гэтэл өөр улсын урлагийн одууд ядуусын хороололд очиж үнэгүй маск, витамин амин дэм тарааж, олон дагагчтай өөрийн хуудсаараа зөв мэдээлэл түгээж ард иргэдийнхээ итгэл найдварыг сэргээж, үлгэрлэж байна.
ХАРИН ӨӨРСДӨӨСӨӨ БУСДЫГ ЭНЭРДЭГГҮЙ БЭРТЭГЧИД ДАРААГИЙН ТОГЛОЛТЫН НОМЕРОО КОРОНА ВИРУСИЙН СЭДВЭЭР БЭЛДЭЖ БАЙГААГ СОНСЛОО.
Бэртэгчний далайд живж байгааг заавал Монголын хошин шогийн жүжигчний бодит үйлдэлээр жишээ татаж байгаа учир юу гэвэл Монголчуудыг соён гэгээрүүлэх өчүүхэн ч алхам хийдэггүй нийгмийн хөгжлөөсөө аль эрт хоцорсон байхад тэднийг үзээд улам мунхраад байдаг бүхэл бүтэн нийгэм байгаад эмзэглэдэг хэрэг юм. Өдөр бүр шахуу аливаа арга хэмжээнүүд хөтөлж ашиг орлого олдог ч улсад татвар төлдөггүй халдашгүй эрхтэнүүд билээ тэд.
Коронавирусын мэдээллийн шуургаар бэртэгчингүүд эмийн сангуудын амны хаалт, ариутгалын шингэн, цэвэрлэгээний спиртийг хөеөгөө бэлдэж байгаа хулгана мэт амин хувьдаа зөөцгөөв. Учир нь тэд хошин шогийн үзэгчид. Эм ханган нийлүүлэх компаниуд корона вирусыг ашиг хонжооны завшаан болгож бүтээгдэхүүний үнээ хэд дахин нэмлээ. Тэд ч бас хошин шогчдийн фенүүд.
"Агар Юнитед ХХК" гэх гэр бүлийн бизнестэй нэгэн мэргэжлийн хяналтын байцаагч 1.000 төгрөгний үнэтэй, хугацаа нь дууссан гар ариутгагчийг 2.000 болгож дамлаад коронагаар далимдуулж шожигнотол ашиг олов. Ийм компаниуд мөн л хошин шогийн үзэгчид.
Хэдхэн цагийн өмнө бас нэгэн хошин жүжигчин
бэртэгчний нийгэмдээ хандаж:
"Шейр хийгээд байвал машин үнэгүй өгнө"
гэсэн бичлэгээ олон нийтийн сүлжээнд оруулахад
түүнийг нь 10 цагийн дотор 70.000 шейрлэж
корона вирус ороод ирсэн мэт оволзов
БЭРТЭГЧДИЙГ:
ҮЗДЭГ
ИТГЭДЭГ
ШЕЙРЛЭДЭГ
БҮХЭЛ БҮТЭН БЭРТЭГЧНИЙ НИЙГЭМ БАЙГАА
Нийт 0