Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталлаа.
Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар өргөтгөн нийт 896540,37 га газрын байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болж байна.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны 91 дүгээр “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болголоо.
Улсын тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагийг тогтоож буй газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрөл байна.
Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд бүхий ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэг нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах юм.
Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа
Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа. Хөрсний нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, газрын бохирдол доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, урт хугацааны тогтвортой менежментийг бий болгон нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд таван зорилт, 55 үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрүүл хөрсийг хамгаалах, бохирдож доройтсон хөрсний 30 хувь буурах, хот суурин газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийн 20 гаруй хувийг устгаж, бохирдож доройтсон хөрсийг цэвэрлэн хөрсний бохирдлоос шалтгаантай өвчлөлтийг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж үэзж байна.
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барихаар тогтлоо. Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг гаргана.
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгалаа.
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой гэж төлөвлөж байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ
Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
-Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилтийн зорилтод түвшинг хангаж, төлөвлөлтийн дагуу жил бүрийн улсын төсөвт тусгах
-Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардагдах зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх
-Шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлж, шаардагдах хөрөнгийг гадаадын зээл тусламжид хамруулах
-Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах зэрэг арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Товч мэдээ
- Засгийн газрын 2000, 2008 оны тогтоолын дагуу хөнгөлөлттэй зээлээр суралцагчид эзэмшсэн мэргэжлээрээ төрийн байгууллагад ажилласан, хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд зээлийн төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт байсан ч 2012 онд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу “Сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлөх журам”-ыг УИХ-аас тогтоохоор хуульчилсан боловч тус журам батлагдаагүй тул 2004-2016 онд төгссөн иргэд журам болон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч дипломоо авч чадаагүй байна. Сургалтын зээлийн төлбөрөөс чөлөөлөх энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
- Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
- Стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журмыг баталлаа. Журам батлагдсанаар хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна
Нийт 0