Сайншандын аж үйлдвэрийн төсөл, Эгийн голын усан цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц гэх мэт төслийн макет төрөөс хичнээн их мөнгийг задгай крантаар сул урсах ус шиг гоожуулж байгааг мэдэх хүн ховор. Байгууллага л болохоор даргаас эхлээд даргын туслах, нягтлан, нярав, мэргэжилтнүүд, албаны дарга, үйлчлэгч хүртэл шат, шатандаа таарсан орон тооны ажилчинтай. Тодорхой бүтээмжгүй үйл ажиллагаатай мөртлөө хэн нэгэн эрх мэдэлтний томилгоогоор очиж төрийн мөнгөөр тогтмол цалинжицгаадаг билээ. Гэтэл өглөөнөөс орой болтол эрүүл мэндийн манаанд амрах завгүй ажилладаг багш, сувилагчид тэднээс бага цалинтай.
Ийм байгууллагуудын нэг жишээ Эрчим Хүчний Яамны харъяа "Таван толгойн цахилгаан станц" төслийн нэгж гэх байгууллагын дарга Д.Батбилэг нь сар улирлаар ажилдаа ирдэггүй гэнэ. Асууж сураглахад тэрбээр Эрдэнэт хотод гэр нь байдаг бөгөөд Эрдэнэтийн ИТХ-ын төлөөлөгч гэсэн мэдээлэл байна. Дарга нар ажилдаа очсон ч очоогүй ч, ажлаа ахиулсан ч, ухраасан ч цалингаа бүтнээр авдаг утгагүй дүрэм Монголд л байдаг болохоор Д.Батбилэг дарга ч ялгаагүй бүтэн цагаар ажилласнаар цалингаа авдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй уг үр өгөөжөө өгч үзээгүй уг байгууллагын нэр дээр 2016 оны хар өнгийн евро ландкриузэр200 маркийн автомашин байдаг гэнэ. Тус байгууллагын нэгэн ажилтан (өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцлав):
- Даргын машины барааг хараагүй удаж байна. Байгууллагын мөнгөөр гоё тоноглож маяак зүүсэн байсныг нь сүүлд машинуудын маяакийг хориглосноос хойш авсан байх. Хараагүй удаж байна. 1445 УНҮ гэсэн хар өнгийн ланд 200 байх ёстой... гэсэн хариултыг өгөв. Түүнээс Батбилэг даргынх нь тухай ажилдаа ирдэггүй шалтгааныг нь лавлаж асуухад:
- Одоо Эрдэнэтдээ байгаа. Баримт бичиг, актан дээр гарын үсэг зуруулах шаардлагатай бол шуудангаар явуулдаг. Дарга гарын үсгээ зурчихаад бидэнд шуудангаар илгээдэг. Ажилдаа ирэхгүй байгааг нь шүүмжилсэн ажилчнаа шууд ажлаас нь халчихдаг юм. Та миний нэрийг нууцлаарай... гэсэн юм.
Сайдаас эхлээд төрийн албадуудын шатахуун их зарцуулдаг тансаг хэрэглэлийн өндөр үнэтэй автомашинуудыг хурааж байхад төрийн мөнгөөр одоо ч сул тансаглаж яваа Б.Батбилэг Монгол Ардын Нам дотор маш нөлөө бүхий нэгэн хүний бараа болж таарч байна. Эсвэл Монгол Ардын Намд томоохон хандив өгсөн учир нам өрөө төлж түүнийг тансаглуулдаг байж магадгүй. Өөрийг нь битгий хэл байгууллагыг нь мэдэхгүй ажил нь үр өгөөжөө өгдөггүй мөртлөө ард иргэдийн татварын мөнгөөр тансаглагч, төсөл дамжаад сурчихсан энэ мэт хүмүүс хэзээ хуулийн өмнө очих юм бол оо...
Тэрээр дахин нэг өөр төсөл дээр очих гэж байгаа мэдээллийг бид судалж байна. Үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Нийт 0