Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда 2019” ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр болж, шилдгүүдээ шалгарууллаа.
Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, дэвшилтэт техник технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага, брэндинг, гарааны бизнес гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, урлаг соёлын төлөөлөл, аж ахуйн нэгжүүд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн жилд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаа дүгнэж, шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэ жил 7 дахь удаагаа энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэл хотынхоо эд эс нь болсон та бүхний хурц дайчин оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадварын ачаар Улаанбаатар хотод маань жилээс жилд өвөрмөц содон шийдэлтэй барилга байгууламжууд сүндэрлэж байгаагаас гадна хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж, олон улсын жишигт нийцсэн шинэлэг дэвшилтэт техник технологиуд монголын зах зээлд түгэн дэлгэрч байгаа нь бүтээн байгуулагчид, хувийн хэвшлийнхэн та бүхний ач гавьяа гэдгийг онцлон хэлмээр байна. Нийслэл хотыг тогтвортой хөгжилд уриалан манлайлж, иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах тааламжтай орчинг бүрдүүлж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан, монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, бизнес эрхлэхэд таатай, хурдны замтай, утаагүй, түгжрэлгүй, дүрэмтэй, эв нэгдлийн бэлгэдэл болсон шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж “Аз жаргалтай хот”-ыг хойч үедээ хүлээлгэн өгөхөд Төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид та бидний үүрэг оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал билээ. Их хотынхоо хөгжил дэвшлийн төлөө аливаа бэрхшээлээс үл шантран, мэдлэг чадвар, нөөц бололцоогоо шавхан ажилладаг та бүхэндээ болон нийт нийслэлчүүддээ ажиллахын урам амжилт бүтээл, амьдрахын урам аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээлээ.
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “ГАРУДА 2019” хүртсэн аж ахуйн нэгжүүдийг танилцуулж байна.
Шилдэг гарааны бизнес /Start-up/ төрөлд “Эрксис Монголиа” ХХК-ийн “Эрксис маркетинг, борлуулалтын платформ” шалгарч “GARUDA-2019” дээд шагналын эзэн боллоо.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Дуучин, поп дива С.Наран нар гардууллаа.
“Эрксис Монголиа“ ХХК нь Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газрын харьяа Hub Innovation Center-ээс төрөн гарсан анхны Старт-Ап бөгөөд дотоодын зах зээлдээ 2.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, 900 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож чадсан амжилттай старт-ап юм. Эрксис маркетинг борлуулалтын платформ нь 2018 оны Азийн шилдэг 100 гарааны бизнесийн нэг, Google компанийн тэтгэлгээр Цахиурын Хөндийн “BLACKBOX” хөтөлбөрт тэнцсэн Монголын хоёр дахь компани зэрэг Монгол Улсын нэрийг дэлхий дахинд мандуулж яваа хамт олны бүтээл юм.
Шилдэг брэндинг төрөлд “АБИГАЛ” ХХК-ийн “Ивээл” брэнд шалгарч “GARUDA-2019” дээд шагнал хүртлээ.
Шагналыг Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Монгол Улсын УГЗ, удирдаач Ч.Чинбат нар гардуулж, баяр хүргэлээ.
“Ивээл” брэнд нь Монгол хүний биеийн онцлогт тохирсон, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, чанартай бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа үйлдвэрлэж цаашлаад олон улсын хэмжээнд дотоодын бүтээгдэхүүнийг нийлүүлэх мөн өдөр тутмын хэрэглээгээр дамжуулан үндэсний өв уламжлалаа дэлгэрүүлэх, шинэ технологиийг Монгол хүний ур ухаантай хослуулан үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх эрхэм зорилготой юм.
Шилдэг дэвшилтэт техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага төрөлд “БАВАРИА МОТОРС” ХХК-ийн “3-S BMW” үйлчилгээ шалгарч “GARUDA-2019” дээд шагналын эзэн болов.
Шагналыг НИТХ-ын даргын зөвлөх Б.Төмөрчулуун, МУАЖ С.Сарантуяа нар гардуулсан юм.
"Бавариа Моторс" ХХК нь дэлхийн 130 гаруй улс, оронд автомашин, техник хэрэгсэл борлуулдаг мөн тансаг зэрэглэлийн автомашины ангилалд борлуултаaраа салбартаа тэргүүлэгч Герман Улсын алдарт BMW брендийг албан ёсоор Монгол Улсад оруулж ирээд байна. BMW группын албан ёсны "3-S BMW" үйлчилгээг анх удаагаа Монгол Улсад нэвтрүүлж, албан ёсны showroom-ээрээ дамжуулан хэрэглэгчиддээ борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг BMW-ийн олон улсын стандартын дагуу явуулж байна.
Шилдэг барилга, байгууламж төрөлд NCD группын “Гарден сити” хотхон шалгарч “GARUDA-2019” дээд шагналын эзэн болсон юм.
Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, МУАЖ П.Цэрэндагва нар гардуулан, баяр хүргэж амжилт хүслээ.
Номин констракшн девелопмент групп нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байгаа ба эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан барилгын салбарын 20 жилийн түүхийг хамтдаа бичилцэж байна. NCD Групп нь Гарден сити хотхоны төсөл дээр 1000 гаруй ажитны ажлын байраар хангаж, Монгол Улсын орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоныг гадаад орчин, архитектур дизайны шинэлэг шийдэлтэйгээр хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй технологи ашиглан бүтээн байгуулсан билээ.
Тусгай шагналыг Барилга, байгууламж төрөлд “Алтай холдинг” ХХК, Гарааны бизнес төрөлд “Ворлд Плас дижитал” ХХК, Брэндинг төрөлд “Минпро” ХХК, Дэвшилтэт техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага төрөлд “Грийн индастри” ХХК нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Нийт 0