Ч.ГАНТУЛГА ДАРГАА! ҮНЭНИЙГ ХЭЛЧИХ...

Ч.ГАНТУЛГА ДАРГАА! ҮНЭНИЙГ ХЭЛЧИХ...

Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрсэнээс болж нийслэлийн гэр хорооллын айлуудын галлагаа идэвхижсэн юм. Энэ жил Улаанбаатар хот сайжруулсан түлшийг нийслэл даяар анх удаа хэрэглэж үзэх гэж байна. Харамсалтай нь сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн эхний өдрүүдэд хүмүүс угаартан нас барсан ноцтой мэдээ нийгмийг цочирдууллаа. Мөн маш олон хүн угаартан эмнэлэгт хүргэгдэн хордлого тайлах эмчилгээ хийлгэсээр байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комисс хуралдаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хэрэглэгчдийн буруутай хэрэглээнээс болж гэсэн агуулгаар бурууг нь угаартсан хүмүүст тохож буй санаархал нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Мөн Солонгос улс утаанаасаа салахдаа харин ч олон хүн үхсэн байдаг... гэсэн яриа иргэдийн дургүйцлийг улам бүр турхирсан явдал болоод байна. Тэр дунд бага насны хоёр хүүхэдтэй нэгэн залуу гэр бүлийн хоёр хүүхэд угаартаж нас барсанд нийгэм даяараа харамсан гашуудаж байгаа эмзэг цаг үе...

Үүний өмнөхөн Байгаль Орчны Яамны харъяа Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга 15 РАУНД нэвтрүүлэгт ярихдаа уг түлш ямар ч аюулгүй, хор хөнөөлгүй, утаа ялгаруулалт эрс багасах тухай амласан билээ. Нэгэнт болсон золгүй явдалуудыг одоо эргэж засах аргагүй. Гэхдээ ард түмэн хэрэглэгчдийн буруутай үйлдэлээс гэсэн хариултаас өөр хариулт нэхэж байна. Олон жил уламжлал мэт ахуйн хэрэглээндээ түлж ирсэн түүхий нүүрс, одоо хэрэглээнд нэвтэрч байгаа сайжруулсан түлш хоёрын түлэх технологи өөр гэдгийг иргэд одоо ойлгож байна. Харамсалтай нь хэдэн хүний амь нас, эрүүл мэндийн төлөөсөөр нийгэм даяараа ойлголоо. Харин хэрэглэгчдэд үүнийг урьдчилж мэдээлэл өгч, сайтар ойлгуулах үүрэг хэнийх байсан бэ? Одоо энэ бурууг хэн хүлээх вэ?

Тиймээс хэн, юун дээр алдсаныг ил тод зарлаж үнэнийг хэлж гашуудсан иргэдийн сэтгэлийг бага ч болов хөнгөлж, нас барсан хүмүүсийн сүнсийг амраагаач Ч.Гантулга дарга аа! 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх