Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажлын явцыг газар дээр нь очиж шалган, холбогдох албан тушаалтнуудад тохижилтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Хотын Захирагчийн хамт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд, зураг төслийг боловсруулсан “Мод арч” ХХК, гадна зам талбайн гүйцэтгэгч “Жи Пи экспресс финанс” ХХК-ийн төслийн инженерүүд, захиалагчын хяналтын тавьж буй Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд байлцав.
Эмнэлгийн өмнөх тохижилтын ажлын хүрээнд хийгдэх усан оргилуурын шугам хоолойг зураг төсөвт тусгагдсан материал хийцээр хийж гүйцэтгэх ёстой байтал PVC хоолойгоор гүйцэтгэснийг Хотын захирагч шүүмжлэлтэй хандаж, хөлдөж хагарах, даралттай ус даахгүй задрах нөхцөл үүссэнийг хэлж, үүнд хяналт тавьж ажилласан байгууллага, инженерүүд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандахыг сануулж, тус хоолойг зураг төслийн дагуу металл хоолойгоор солихыг шаардлаа.
Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн урд талын газарт зөвшөөрөлгүй барилга барисан барилгын компани эмнэлгийн зөвшөөрөлтэй газрыг оршин суугчдад хашаалж өгснөөр газрын маргаан үүсээд байсныг Хотын Захирагч шийдвэрлэн, тухайн газрыг хэсэгчлэн хувааж, нэг хэсгийг иргэд, оршин суугчдад ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулж ашиглах, нөгөө хэсгийг нь эмнэлэг ногоон байгууламжаар тохижилтын ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэлийг өглөө.
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оны намраас эхлүүлэн үе шаттайгаар тохижуулж байна. 2019 онд Налайх, Багануур, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, УНТЭ, ШШҮХ, СЭМҮТ-ийн гадна зам талбайг тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж, эмнэлгийн гадна зам талбайн тохижилтын ажлуудыг эхлүүлсэн.
Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц, гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Эдгээр ажлуудыг хүйтрэхээс өмнө амжуулж дуусгахыг холбогдох албан тушаалтнуудда хандан Хотын захирагч үүрэг болголоо.
Нийт 0