Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд “Бармон” ХХК-ийн хэрэгжүүлж буй 1-5 жилийн хугацаанд түрээслээд, өмчилж авах боломжтой орон сууцны төсөлтэй танилцлаа. Уулзалтанд "Бармон" ХХК-ны захирал НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон барилгын төлөөллүүд байлцав.
“Бармон” ХХК Дэнжийн 1000 орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 234 айлын орон сууцыг 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүйгээр түрээслүүлээд өмчлүүлэхээр төлөвлөж байна. Дээрх төслийн хүрээнд 3358 өрхийн 43 блок орон сууцны барилга, 720 хүүхдийн ортой цэцэрлэг, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгуудыг тус тус ашиглалтад оруулах юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Шинэ үе констракшн” ХХК-ийн “Санни Сайд апартмент” урьдчилгаа 30 хувийн төлбөрөө хуримтлуулж чадсан иргэдэд 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх, “Оч-Үжин” ХХК-ийн “Би-ван” /B-оne/ орон сууцны хорооллын 60 айлын орон сууцыг 3 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх орон сууцны төсөл хэрэгжүүлж байна.
БХБЯ Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдийн орлого, худалдан авах чадварт нийцсэн орон сууцаар иргэдийг хангах бодлого баримталж байна. Засгийн газраас түрээсийн орон сууцаа өмчлөн авах боломжийг бүрдүүлж өгснөөр хувийн ААН, байгууллагууд орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь иргэдийн эрэлт, худалдан авах чадварт нийцсэн томоохон төсөл болж байгааг БХБ-ын сайд Х.Баделхан онцоллоо.
НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат хэлэхдээ “Иргэд орон сууцаа урьдчилгаагүй, таван жилийн хугацаанд сарын сая төгрөгийн төлөлтөөр орон сууцаа авах боломж бүрдэж байгаа юм.Түрээслээд өмчилж байгаа хэлбэр нь “Бармон” ХХК-ны санхүүгээ босгож байгаа гол хэлбэр нь. Сар болгон төлбөрөө төлж чадах чадвартай иргэдэд нээлттэй” хэмээн хэллээ. Иргэдийн эрэлтэд нийцсэн орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаагаас гадна компанийн хувь лизингээр орон сууцтай болох төслийг хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотод 2019 оны хагас жилийн байдлаар 29 аж ахуйн нэгжийн 43 төслийн 4975 айлын орон сууцны төслийг 2-8 жилийн хугацаатай, урьдчилгаа 30-50 хувийг төлөөд жилийн 5-18 хувийн хүүтэй компанийн хувь лизингээр борлуулж байгаагаас 2689 айлын орон сууц борлогдож, 2286 айлын орон сууц борлуулагдаагүй байна. Нийт борлуулалтын явц 54 хувьтай байгаа аж.
Нийт 0