Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээн болж байна. Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр гүйлтийн спортыг хөгжүүлж, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах үүднээс “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай билээ.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс оролцов. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэмцээнийг нээж "Дэвшилт техник, технологи бидний амьдард үр өгөөжөө өгч буй ч зохисгүй хэрэглээний улмаас бид хөдөлгөөний хомсдолд орох нь нэмэгдэж байгаа энэ үед нийслэлийн иргэд, оршин суугчиддаа нэг өдөр ч гэсэн автомашинаа орхиж, алхаж, дугуй унан, гүйлтийн тэмцээнд оролцох боломж бүрдүүлэн "Улаанбаатар марафон" тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн тэмцээн Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Мөн бүтэн, хагас марафонд мэргэжлийн гүйлтийн тамирчид оролцохоос гадна иргэд гүйгчдэд зориулагдсан эрүүл мэндийн гүйлт, гэр бүлийн гүйлт, хүүхдийн насны ангиллыг нэмж оруулснаараа шинэлэг. Уг арга хэмжээ нь жилээс жилд, зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, оролцогч тамирчид, сонирхогчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй олон улсын болон нийслэлийн иргэд, оршин суугчид, орон нутгийн гүйгчдийн хүсэн хүлээж оролцдог томоохон тэмцээн болж чадсанд баяртай байна” гэсэн юм.
Дашрамд сонирхуулахад, энэхүү марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд анх 2014 онд дотоод, гадаадын 16 мянга гаруй хүн оролцож байсан бол өнгөрсөн жил 30 мянга гаруй хүн оролцсон байдаг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж, оролцож байгаа нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсөж буйн нэг тод жишээ юм.
Нийт 0