НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ  алдаршуулах, тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үед  сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар “Их хотын бүсгүйчүүд-2019” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, П.Баярхүү, төлөөлөгч Д.Мөнхжаргал, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, Д.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, Ж.Батсайхан нар оролцлоо.

"Их хотын бүсгүйчүүд-2019" хүндэтгэлийн арга хэмжээний үеэр салбартаа түүчээ болон бусдыгаа манлайлж буй эмэгтэйчүүдийг тодруулав.

"Их хотын бүсгүйчүүд-2019" хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва "Монголын бүх бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэнд хүргэе. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, эх хүний хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ажлын зэрэгцээгээр хороо, дүүрэг, нийслэлээ хөгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг боловсрол, туршлага чадвараа зориулан ажиллаж байгаа та бүхнээрээ бахархаж байна. Нийслэлийн ИТХ-аас иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шат дараатай олон ажлыг хэрэгжүүлж буйг та бүхэн сайн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч та бид хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадаагүй хэвээр байна. Нийслэлээ хөгжүүлэхийн тулд хүний хөгжил, хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэсэн ажилд анхаарал хандуулах ёстой. Хүний хөгжлийг, монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудад боловсрол мэдлэг олгох, ёс суртахууны хүмүүжлийг ямар ч тохиолдолд материаллаг ахуй, дэд бүтцийн хөгжлийн бодлогоос хойш тавих ёсгүй. Энэ асуудалд эмэгтэйчүүд, эхчүүд  та бүхний дуу хоолой, бодлого, анхаарал, оролцоо чухал. Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын зүгээс  сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар сайжруулах зэрэг дэд бүтцийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого гарган ажиллахын зэрэгцээ эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг гарч болзошгүй хүчирхийллийг таслан зогсоох, өсвөр үеийнхнийг элдэв муу зуршилд холбогдохоос урьдчилсан сэргийлэх, үндэсний өв, түүх соёлоороо бахархах төлөвшлийг бий болгох, мэдлэг боловсрол, ёс суртахууны зөв дадлыг төлөвшүүлэхэд анхааран ажиллах болно" гэсэн юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан охид, эмэгтэйчүүддээ баглаа цэцэг, бэлэг өгч өнгөрүүлэх бус, улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах асуудлыг улам хүчтэй хөндөж хэвших нь зүйтэйг онцлон тэмдэглээд "Өдгөө нийслэлд 1.4 сая хүн оршин сууж байгаагийн 746 мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдний 16.843 нь өрх толгойлон амьдарч буй юм. Мөн 92.769 нь ахмад настай эмэгтэй байгаагийн 7756 нь бие даан амьдарч байгаа гэсэн статистик бий. Нийслэлд амьдарч буй хөдөлмөрийн насны 423 мянган эмэгтэйн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 20-30 хувиар бага байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд нийгмийн харилцаанд тэгш оролцох боломж хомс байгаа юм. Энэ тэгш бус байдал дан ганц манай улсад байгаа юм биш ээ. Дэлхий даяар уг асуудлыг анхаарлаасаа үл салгаж, хичээл зүтгэл гаргаж байгаа боловч бодит амьдралд тэгш бус хандлага оршсоор байгаа нь үнэн. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлж, тэр дундаа эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зорилгоо болгож байгаа. Мөн аливаа хүчирхийлэлд охид, эмэгтэйчүүд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулна. Эмэгтэйчүүдийн ажлын орчин нөхцөлийг сайржуулах, тэгш эрхийг хангах ажлаа нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагуудаас эхлүүлэх болно" гэв.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх