ХОТЫН ДАРГЫГ СОНГОХ НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VII ХУРАЛДААНЫГ ЭНЭ САРЫН 26-НД ТОВЛОЛОО

ХОТЫН ДАРГЫГ СОНГОХ НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VII ХУРАЛДААНЫГ ЭНЭ САРЫН 26-НД ТОВЛОЛОО

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Баянзүрх дүүрэгт явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн мэдээллийг сонсов. 2016 оноос эхлэлтэй, өдгөө хуулийн байгууллагаас маргааныг нь эцэслэн шийдсэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг ирэх сард зохион байгуулах нь. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 09, 19 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болжээ. Тэргүүлэгчдийн зүгээс дахин сонгууль явуулахтай холбоотойгоор холбогдох газруудад хурлын тэмдэглэлээр үүрэг өгч ажиллахыг чиглэл болголоо.  

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлын хүрээнд өмнөх хуралдаанаас өгсөн үүргийн дагуу хоёр асуудал танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлд хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслийн нэгжийн удирдах хорооны ирцийн талаарх мэдээллийг танилцуулгаар бэлтгэн ирсэн байв. Тэргүүлэгчдийн зүгээс төслүүдийн удирдах хорооны ирц, үйл ажиллагааны талаарх мэдээлэл, удирдах хорооны зарим гишүүдийг өөрчлөн томилох асуудлыг Тэргүүлэгчдийн дараагийн хуралдаанаар сонсож, хэлэлцэхээр хойшлуулав. 

Мөн энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэв. Өмнө нь Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан. Тиймээс холбогдох хуулийн дагуу нийслэлийн ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн мягмар гарагт хуралдуулахаар товлолоо.

Түүнчлэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Нийслэл, дүүргийн ИТХ, Хороодын иргэдийн нийтийн хурал, нийслэл дүүрэг, хорооны Засаг даргад хуулиар ногдуулсан чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийг дахин хувиарлах талаарх санал  боловсруулах ажлын хэсгийг НИТХ болон НЗДТГ-ын албан тушаалтнуудыг хамруулан гаргасныг тэргүүлэгчидэд танилцуулж тогтоолын төслийг батлав.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх