Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд "Хамтын хүч-Хөгжлийн гарц" уриан дор Төрийн ордонд чуулж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр 40 жилийн түүхт ойн хүрээнд Уурхайчин эмэгтэйчүүдийн Үндэсний анхдугаар чуулганыг санаачлан эрдэнэсийн хотдоо зохион байгуулж байсан бол энэ жил Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэс баялгийн салбарын 500 орчим бүсгүйг хамруулан цар хүрээг нь өргөжүүлэн Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Үндэсний II чуулганыг нээж хэлсэн үгэндээ "...Өнгөрсөн жилийн чуулганаас хойш эрдэс баялгийн салбарт багагүй ахиц гарсан. 2018 оны байдлаар уул уурхай, олборлох салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24, экспортын бүтээгдэхүүний 87, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус тус бүрдүүллээ. Эдгээр эeрэг үр дүн бол энэ салбарын эмэгтэйчүүдийн хүнд хүчир ажлын талбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан хөдөлмөр зүтгэл, эх орон, ард иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлийн бодит илрэл, бахдам амжилт юм" хэмээн онцлов. Чуулганд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Ц.Гарамжав болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга, мэргэжилтнүүд оролцож байна. Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн Үндэсний II чуулган "Гэр бүл нийгмийн баталгаа", "Сэтгэлгээ, харилцаа, хандлага" салбар хуралдаанаар үргэлжлэх бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ "Гэр бүл нийгмийн баталгаа" сэдэвт салбар хуралдааныг зохион байгуулна.
Нийт 0