Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хоногт 3 сая долларын баялаг бүтээж байна

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хоногт 3 сая долларын баялаг бүтээж байна

 Эрдэнэт үйлдвэр нэг хоногт 3 сая доллар буюу 6.8-7.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, нэг уурхайчин хоногт 1 сая 250 мянган төгрөгийн баялаг бүтээдэг аж. Үйлдвэрлэлийн үзүүлэлтээр нь авч үзвэл хоногт 1600-1800 тонн зэс агуулсан зэсийн баяжмал, 15 тонн молибден агуулсан молибдений баяжмал экспортолдог. Харин баяжуулагчид хоногт 80 гаруй мянган тонн хүдэр боловсруулж байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын зөвхөн нэг хоногт бүтээж буй баялаг.
     Хэдийгээр үйлдвэрлэл жигд үргэлжилж буй ч жилээс жилд  уурхайн гүн доошилж, хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаагаас шалтгаалан хүдэр дэх металлын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага уурхайчдын өмнө тавигдаж буйг мэргэжилтнүүд онцлов. Иймээс Эрдэнэт үйлдвэр бүтээмжийн өсөлтийг жил бүр гурван хувиар нэмэгдүүлэн төлөвлөж ирсэн бол одоо 5.5 хувьд хүргэж төлөвлөснөөр металлын бууралтыг нөхөх боломжтой болно гэж тэд үзэж байна.
     Нөгөө талаас, тасралтгүй хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэл нь чухал металлын агуулгыг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл юм. Энэ хүрээнд Ил уурхайн зам овоолгын хэсгийн техникийг шинэчилж, ЭКГ-12К экскаваторыг угсарч, хүлээн авсан байна. Мөн технологийн үйл ажиллагаа шинэ техникээр хүч сэлбэж, Автотээврийн байгууллагад 40 тонны даацтай хоёр БелАЗ машин, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хоёр шинэ тээрэм, Шүүн хатаах хэсэгт шинэ техник ажилдаа гараад байгаа аж.
     Түүнчлэн 2019 онд техникийн шинэчлэл үргэлжлэхийн зэрэгцээ Эмульсын тэсрэх бодисын үйлдвэр, Химийн төв лабораторийн байгууламжийн бүтээн байгуулалт болон уурхайн ашиглалтыг сайжруулахын тулд уурхайн амыг тэлэх, хөрс хуулалтын талбайг нэмэгдүүлэх зэрэг технологийн ажлууд хийхээр төлөвлөжээ. 

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх